Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн гуравдугаар байрны барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Үйл ажиллагааг нээж МУИС-ийн ректор, профессор Д.Бадарч үг хэллээ.
Тэрбээр, “МУИС-ийн шинэ барилгын ажлын нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, тус сургуулийн хүндэт төгсөгчид, ахмад болон дунд, залуу үеийн эрхэм хүндэт багш, ажилтанд энэ өдрийн мэндийг дэвшүүлээд бүтээн байгуулалтын ажлыг товч танилцуулав. Энэхүү бүтээн байгуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд нэгдүгээр үе шатны барилга буюу Б блокыг МУИС өөрийн хөрөнгөөр харин хоёрдугаар үе шатны барилгыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр, энэхүү хоёр үе шаттай барилгыг эхлүүлэхэд МУИС-ийн ХЗС, түүний хамт олон ихээхэн анхаарал, хүч тавьсан ба сургуулийн барилгын өнгө үзэмжид Хууль зүйн сургууль, түүний төгсөгчид онцгой анхаарч, барилгын эх загвар зургийг гаргахад төгсөгчдийн санхүүгийн дэмжлэгээр Итали, Япон зэрэг улсын архитекторуудыг зөвлөхөөр ажиллуулсан болохыг дурдлаа. Барилгын зураг төсөл олон удаа зөвлөлдсөний үр дүнд өнөөдөр орчин үеийн, сонгодог хэв загвар бүхий зураг төсөлтэй болсныг тэмдэглээд Монгол Улсын оюуны голомт, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, эрдэмтэн судлаачид ажиллах эрдмийн энэ их өргөөг нэр төртэй, чанарын өндөр түвшинд барьж, удахгүй бид бүхэн шинэ хичээлийн байраа хүлээн авна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэлээ.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухааны, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэл, МУИС-ийн проректорууд, Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, ХЗС-ийн профессор багш нар, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд болон МУИС-ийн оюутан суралцагч, төгсгөчдийн төлөөлөл оролцлоо.
А. МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны хуучин барилга
МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны хуучин барилга нь 1956 онд ашиглалтад орсон, 6953 м2 талбайтай (1999 онд ашиглалтад орсон өргөтгөлийн хамт) гурван давхар Г хэлбэрийн барилга юм. Хийц бүтээцийн хувьд чулуун дүүргэгчтэй шугаман суурьтай, тоосгон ханатай, төмөр бетон, модон хучилт хосолсон, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, хучлага төмөр урагдаж зэвэрсэн, ашиглагдсан цагаас их засвар хийгдээгүй, хана нь хагаралт, цууралт ихтэй, барилгын бүтээцүүд нь өгөршиж муудсан, цахилгааны утсанд богино холболт үүсдэг талаар барилгын техникийн хяналтын улсын байцаагч шалгалт явуулж, 2022 хоёрдугаар сарын 09-нд уг барилга нь цаашид ашиглалтын шаардлага хангахгүй бөгөөд бат бэхийн хувьд 8 баллын газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй болохыг нь тогтоосон дүгнэлтийг гаргасан байдаг.
Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” шийдвэр 2023 оны тавдугаар сарын 02-нд гарсанаар хичээлийн хуучин гуравдугаар байрыг акталж, тус байранд байрлаж байсан бүрэлдэхүүн сургуулиудыг өөр байранд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн тухайн онд БЕГ-аас барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, буулгалтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгүүлээд байна.
Б. Шинээр барих хичээлийн гуравдугаар байрны барилга
Шинээр барих хичээлийн гуравдугаар байрны барилга нь А, Б гэсэн хоёр блокоос бүрдэнэ.
Зураг №1. МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны барилга /А блок талаас/
Зураг №2. МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны барилга /Б блок талаас/
2023 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн боловсруулах, техникийн нөхцөлүүд авах, ажлын зураг, төсөл боловсруулж, улсын экспертизээр батлуулах ажлууд хийгдэж улмаар барилгын гүйцэтгэгч байгууллагатай барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх тухай, зураг төслийн байгууллагатай барилгын үе шатны ажилд зохиогчийн хяналт гүйцэтгэх, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагатай захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулж, барилгыг ажил эхлэх зөвшөөрөл авч барилгын ажлыг эхлүүлээд байна.