Вьетнамын Хо Ши Мин хотын шүүх Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат гэгддэг 67 настай Труонг Ми Ланд цаазаар авах ял оноожээ.
Түүнийг сүүлийн 11 жилийн хугацаанд хуурамч компаниудын нэрээр банкнаас нийт 44 тэрбум ам.долларын зээл гаргуулж авсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг тус улсын түүхэн дэх хамгийн том луйврын хэрэг хэмээн тодорхойлоод байгаа аж.
Труонг Ми Ланыг шүүх хуралд 2700 хүн мэдүүлэг өгч, тус хэрэг дээр 10 прокурор, 200 орчим хуульч ажилласан ба хэргийн нотлох баримтууд нь нийт 104 ширхэг хайрцаг дүүрч, 6 тонн хүрчээ. Труонг Ми Лантай хамт 85 хүн яллагдагчаар татагдсаны 4-д нь бүх насаар хорих ял, бусдад нь тэнсэн харгалзах ялаас 20 хүртэлх жилийн хорих ял оноосон байна. Харин Труонг Ми Ланы нөхөр 9 жилийн хорих ял авчээ.
Хятад-Вьетнам гаралтай Труонг Ми Лан анх ээжтэйгээ хамт гоо сайхны барааны лангуу ажиллуулдаг байсан ба 1980-аад онд олон тооны газар болон үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. 1990-ээд он гэхэд Труонг Ми Лан хэд хэдэн зочид буудал, зоогийн газар эзэмшдэг болсон байв.
2011 онд Труонг Ми Лан санхүүгийн асуудалд орсон 3 жижиг банкийг нэгтгэн Сайгон Коммершл Банкийг байгуулсан байна. Вьетнамын хуулинд хувь хүн ямар ч банкны хувьцааны 5-аас илүү хувийг эзэмших эрхгүй байдаг ч Труонг Ми Лан хэдэн зуун хуурамч компаниуд, өөр бусад хувь хүмүүсийн нэрээр тус банкны 90 гаруй хувийг эзэмшиж байжээ. Үүнийгээ ашиглан Труонг Ми Лан өөрийн компаниуддаа олон сая ам.долларын зээл гаргуулж авсан ба Сайгон Коммершл Банкны олгосон нийт зээлийн 93 хувийг Труон Ми Лан дангаараа авсан нь тогтоогджээ. 2019 оноос 2022 оны хооронд Труонг Ми лан жолоочоороо банкнаас нийт 108 их наяд вьетнам донг буюу 4 тэрбум ам.долларыг бэлнээр гаргуулж аван, гэрийнхээ хонгилд нуужээ. Түүнчлэн тэрээр банкнаас авсан зээл нь ямар нэг байдлаар илрэхээс сэргийлэн бусдад их хэмжээний хахууль өгч байсан нь тогтоогдсон ба Вьетнамын төв банкны ахлах хянагч түүнээс 5 сая ам.долларын авлига авсан байжээ.
Эх сурвалж: BBC