ЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: МОНГОЛЧУУД
2022 ОНД 8.6 ТОНН ЭМ “ИДЖЭЭ”
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсгол нь эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. Гурван өдөр үргэлжлэх сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.
Өнөөдрийн сонсголд шинжээчийн танилцуулснаар 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байна. Тухайлбал, эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн байна. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ. Эмийн сангийн тоо өсч 2023 онд 2857 болж өссөн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа бол орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа статистик гарчээ.
Нийт бүртгэлтэй эм 4213 бөгөөд 21 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бол 79 хувь нь импортоор орж иржээ.
Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувь, үнийн дүнгийн 90 хувийг эзэлдэг байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар 2022 онд эм импортлогч нар маш их ашиг олсон тоо баримт харагдаж байгаа аж. Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн”. Энэ хэмжээний эмийг худалдан авахад 447 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг кг эмийг 16 доллараар худалдан авсан. Харин 2023 онд импортлогчид нэг кг эмийг 27 ам.долараар худалдан оруулж ирсэн. Гэхдээ импортоор орж ирсэн эмийн хэмжээ буурсан ч 468 тэрбумын борлуулалт хийсэн статистик гарсан байна. Энэ нь эм импортлогч нар асар их хэмжээний ашиг хийсэн байж болзошгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй аж. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн сонсголоор сонсохгүй, маргааш дэлгэрэнгүй хөндөж ярина гэдгийг шинжээч болоод хуралдаан даргалагч онцоллоо.
Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж байна.
“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ
ЧАНАРТАЙ ЭМ ОРУУЛЖ ИРДЭГГҮЙ”
Сонсголд оролцож байгаа гишүүд асуулт тавьж, холбогдох гэрч нараас хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Эм хоол биш хор. Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд эмийн сан 500 гаруйгаар нэмэгдсэн бол хөнгөлөлттэй эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдсэн. Эмийн импорт нэг дахин нэмэгдсэн. Энэ тоо юу хэлээд байна вэ гэдгийг бодох ёстой. Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болж, энэ бол өвчлөл буурахгүй байна гэсэн үг. Эм уулгах биш урьдчилан сэргийлж аль болох өвчлүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой.
Чихрийн шижин маш их нэмэгдсэн. Энэ өвчний эсрэг шинэ орчин үеийн маш сайн эм хөнгөлөлттэй жагсаалтад орж ирсэн үү. БЗХӨ болон ДОХ- той холбоотой өввчний эсрэг эмүүд хөнгөлөлттэйгээр нийлүүлэгддэг үү.
Чихрийн шижин өвчинтэй иргэдийг төлөөлж ирсэн н.Жаргалсайхан:
-Монголд сахрын өвчнийг буруу хооллосон гээд тоодоггүй. Улсын хэмжээнд 300.000-500,000 орчим хүн сахрын өвчинтэй. Дэлгүүрт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн нь бүгд нүүрс ус ихтэй. Импортлогчёын оруулж ирж байгаа хүнсийг хараарай.
Монгол Улс сахрын өвчний эсрэг чанартай эм оруулж ирэхээ больсон. Төрөөс энэ төрлийн эмийг үнэгүй , хөнгөлөлттэй өгч байгаа нэрийн дор чанаргүй эм оруулж ирдэг. Инсулиныг үнэгүй өгдөг. Төр үнэгүй өгдөг нэртэй хамгийн чанаргүй, хоцрогдсоныг оруулж ирдэг. Чанартай, сайныг нь оруулж ирдэггүй. Сахарыг хянах боломжтой. Тестерийг нь хямдруулах ёстой. Гэтэл маш үнэтэй. Үнэтэй болохоор хүмүүс сахраа хянаж чадахгүй явж байгаад хүндрүүлж байна. Сахар зүрх судас гэмтээдэг.
Сахрын өвчинтэй хүн В витамин тосонг нь уудаг. Усан В нь уусдаггүй. Тосон бүтэцтэй учраас сайн шингэдэг. Нистатин уугаад байдаг, холестриныг 15 хувь л бууруулдаг. Уг нь холестириныг бууруулах тариа гарсан, 50 хувь бууруулдаг. Оруулж ирдэггүй. Нистатиныг олон жил уухаар элэггүй болдог.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын албаны дарга н.Даваалхам:
-ДОХ ын халдвартай иргэд ялгаварлан гадуурхалтад өртдөг тул тэднийг төлөөлж энэ удаагийн сонсголд оролцож байна. ДОХ урьдчилан сэргийлж болох өвчин. Сүүлийн үед эмээр сэргийлж болох эмчилгээтэй архаг халдварт өвчин гэж нэрлэгдэх болсон. ДОХ туссан бол өнгөрлөө гэж боддог байсан бол эмээ ууж явснаар хэд ч наслах боломжтой. 2013 он хүртэл Монгол Улс ДОХ ын халдвартай иргэдэд хэрэглэдэг эмийг Глобаль сангийн тусламжтайгаар нийлүүлж ирсэн. Глобаль сангийн зүгээс “Монгол Улс ДОХ -ыг маш амжилттай тогтоон барьж байгаа улс тул бүх эмийг үнэгүй нийлүүлэх боломжгүй болсон тул санхүүжилтээ Засгийн газар луу үе шаттай шилжүүл” гэдэг анхааруулгыг өгсөн. Бид тэр үеэс бүх эм ханган нийлүүлэгч байгууллагад хандан ДОХ той хүмүүс хэрэглэдэг эмийг нийлүүлэхийг хүссэн, нэг ч газар хариу ирүүлээгүй. Үүний дараа НҮБ ын Хүүхдийн сан эмийг ханган нийлүүлэх боломжтой гэдэг хариу ирүүлсэн. Тэр цагаас хойш Засгийн газар санхүүжилтийг бүрэн хариуцаж ирсэн. Саяхныг болтол Үндэсний эрүүл мэндийн тогтоол гартал НҮБ -ын Хүүхдийн снагаар дамжуулаад эмийг авч ирсэн. Хууль ёсны дагуу эмийг бүртгэлжүүлэх асуудал тулгарсан. Монгол Улсын эмийн жагсаалтад байгаа эсэхийг шалгах гэх мэт асуудал эмч нарт тулгарсан. Бүртгэлгүй байгаа учраас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орохгүй байгаа. 21 жилийн хугацаанд бүртгэлгүй явсан учраас зайлшгүй шарадлагатай эмийн жагсаалтад орохгүй байгаа. Гэхдээ ДОХ -той хүмүүс маш сайн чанартай эмийг маш хямд үнээр авч хэрэглэж байгаа. Тасалдалгүй авч байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зах зээлээс 100 дахин бага үнээр авч байгаа. Нэг хүний сард хэрэглэх эм 37 мянган төгрөг байгаа.