Урин дулаан болохтой зэрэгцэн хүүхэд, залуус скүүтер, дугуй, цахилгаан дугуй зэргийг хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотод дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүйгээс тэд явган болон авто зам ашиглан хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд орох, явган хүн дайрах зэрэг осол, гэмтлийн тоо нэмэгдэж буй юм. Энэ талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
-Скүүтер болон төрөл дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтсэн болон бусдыг дайрч гэмтээсэн ослын улмаас хэчнээн хүн ГССҮТ-д хандаж байна вэ?
-Тавдугаар сар гарснаас хойш энэ төрлийн осол гэмтэлд орсон хүний тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтерийн осолд орсон хүн 56 бүртгэгдээд байна.
-Иргэд осолд орж байгаа гол шалтгаан юу вэ?
-Улаанбаатар хотод дугуйн зориулалтын замгүй учир хүүхэд, залуус явган болон авто замаар зорчиж, явган зорчигчийг дайрах, замын хажуугаар явж байгаа машинд шүргүүлэх, машины дундуур сүлжиж яваад осолд орох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Мөн эдгээр нь шинэ төрлийн унаа учир сайн эзэмшээгүйгээс хашлага давж унах, хурд хэтрүүлснээс осол гарч байна.
-Скүүтерийн хурдаас шалтаалан өөр өөр гэмтэл авч байна. Скүүтерийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд авч байна. Мөн скүүтерийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээж байна.
Ийм төрлийн дугуйг 12-оос дээш насны хүүхэд, залуус түлхүү хэрэглэж байна. Манайд дугуйн замгүй, дээр нь эдгээр цахилгаан хэрэгслийг унахад мөрдөх дүрэм журам байхгүйгээс иргэд замын аль л зай гарсан хэсгээр дураараа зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна. Тиймээс холбогдох байгууллагууд ажиллаж, замын аль хэсгээр зорчих, хурд тохируулах гэх мэт дүрэм журам гаргаж мөрдүүлэх нь зүйтэй юм гэв.