Хүннү рок урсгалаар бүтээл туурвиж, эх орныхоо нэрийг дэлхийд сурталчилж яваа “Хү” хамтлаг Монголдоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ.
Тодруулбал, тус хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондог болон “Хү мюзик инк”, мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр “Хү” хамтлаг ирэх долдугаар сарын 20-нд “АРА Фест 2024”-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийх болсон байна.
Тэд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан юм. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын хамтлаг юм.
Тэд 2024 оны эхний тоглолтоо Австрали улсаас эхэлсэн билээ.