“Caritas” байгууллагын явуулсан дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 137.58 кг хуванцар хог хаягдал ялгаруулж байна
2015 оны Парисын хэлэлцээрээр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээгээ 22.7 хувиар бууруулах амлалт өгч, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг эдийн засгийн гол салбаруудад бодлогын арга хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах амбицтай зорилт тавьсан билээ.
НҮБ Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээний шинэ тайландаа уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, түүнээс үүдэх гамшгийн эрсдэлийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна.
Жилд 137 кг хаягдал
Монгол Улс сүүлийн 70 жилийн дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр эрчтэй дулаарч байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсын нэгт тооцогдож буйг тус шинжилгээнд анхааруулжээ. Мөн Монгол Улс нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын дөнгөж 0.1 хувийг бүрдүүлж буй ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тонн байгаа нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт аж.
Үүнээс гадна санаа зовоох өөр нэг үзүүлэлт байгаа нь нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний 10-т Монгол Улс багтаж байна. “Caritas” байгууллагын явуулсан дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 137.58 кг хуванцар хог хаягдал ялгаруулдаг аж.
Тоо юу харуулж байна вэ?
Дээр дурдсанчлан Монгол Улсын нүүрстөрөгчийн ул мөр их байгаагийн томоохон шалтгаан нь газар ашиглалтын өөрчлөлт болохыг НҮБ тайландаа мөн онцолжээ. Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 44 хувь нь газар ашиглалтаас эх авдаг бөгөөд энэ нь цөлжилт, ой мод устах, хортон шавж өсөж үржих зэргээр илэрч буй аж.
Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 18.2 байгаа бөгөөд үүнийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч эрчим хүчний бага тариф, нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр байгаа нь сорилт болсоор байна.
Тайланд дүгнэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа, сорилт бэрхшээлийг даван туулах тогтвортой, шинэлэг шийдэл олоход залуучуудын хүчийг ашиглах нь чухал болохыг тодотгожээ. Байгаль орчны боловсрол олгох хөтөлбөрийг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, байгаль орчны бодлого боловсруулах үйл явцад залуучуудыг татан оролцуулах зэргээр энэ чиглэлд анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна.