Тун удахгүй Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар мартын 8-н болох гэж байна. Залуу та элбэрэлт ээж, буурал эмээ, хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ юу бэлэглэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
Олонхи эрчүүд дотны бүсгүйчүүддээ юу бэлэглэхээ мэдэхгүй тээнэгэлзсээр байгаад \”мартын 8”-тэй тулгарчихдаг. Тэгээд хамгийн ойр дэлгүүр рүү ороод, нүдэндээ харагдсан эхний юмыг аваад, түүн дээрээ ганц нэг цэцэг нэмээд бахархалтайгаар барих. Харин тааламжгүй бэлэг өгснөө огт анзаардаггүй. Соёлтой бүсгүй бэлэг таалагдахгүй байгаа тухай хэлэхгүй шүү дээ!
Тэгвэл хайртдаа юу бэлэглэх вэ?
Энэ жил залуу та арай өөр юм сэтгэвэл яасан юм? Хайртай бүсгүйгээ яаж баярлуулах вэ?
Ноднин ямар бэлэг өгснөө сана даа? Уржинан? Үнэн уйтгартай санагдахгүй байна уу?
Энэ удаад хайрт бүсгүйдээ баяр бэлэглэвэл яаж байна?
Хамт амьдардаг бол өглөө сэрэхэд нь цай унд бэлдчихсэн, цэцэгтэй хамт барьвал ямар ч эмэгтэй баярлана. Мэдээж гоёмсог боодолтой бэлэг байх хэрэгтэй. Бэлгэнд юу сонговол дээр вэ?
Ямар ч бүсгүй үнэртэй ус, гоё дотуур хувцсанд дуртай, гэхдээ хэрэв та хайртынхаа дуртай ус, биений хэмжээг нь сайн мэдэхгүй бол ийм зүйл авахгүй байсан нь дээр. Гэр ахуйн хэрэгсэл – хайруулын таваг, индүү – бэлэглэж хэрхэвч болохгүй, ийм, гэрийн ажилтай холбоотой бэлгэнд эмэгтэйчүүд тун дургүй, зарим нь бүр доромжилж байна гэж гомддог. Аргагүй шүү дээ, ганц баярын өдрөөрөө гэрийн ажлын тухай бодолгүй, өөрийгөө үзэсгэлэнт тансаг гүнж хэмээн мэдрэхийг хүсэлгүй яах вэ? Харин гэрийн ажлыг хөнгөвчлөх зориулалт бүхий техник (гал тогооны комбайн, шүүс шахагч, миксер г.м.) бэлэглэхэд болно, гэхдээ үүнийгээ өгөхдөө \”Чинийхээ хөдөлмөрийг хөнгөвчлөх гэсэн юм, чи минь бага ядраасай гэж үүнийг авлаа” гэх маягийн үг хэлнэ биз.
Бас өхөөрдөм хөөрхөн зөөлөн тоглоом, ганган түрийвч, буйдангийн ганган дэр сайхан бэлгэнд тооцогддог. Эмэгтэй хүнд юу таалагдахыг таах хэцүү байвал гэр орноо тойруулаад нэг хар /хэрэв хамт амьдардаг бол/, эсвэл бүсгүйнхээ гэрийг: ямар нэгэн зүйл дутагдаж байгаа харагдвал түүнийг нь бэлэглэж болох. Жишээ нь, гэрийн тань утасны аппарат моралийн элэгдэлд орчихсон эд байвал – шинэ радиотелефон, компьютер байнга хэрэглэдэг бүсгүйд бол утасгүй хулгана бэлэглэвэл дургүйцэхгүй байх. Унтлагын өрөөнийх нь шөнийн гэрэл элэнц хулинцийн үеийн эд харагдвал өрөөнийх нь эд хогшилд зохицсон шинэ гэрэл бэлэглэж ч болох.
Найз хүүхнээ ресторанд уръя гэж бодож байгаа бол урьдчилж ширээгээ захиалаарай. Энэ өдөр ганц таны толгойд ийм санаа орохгүй тул нэг ресторанаас нөгөө рүү сул ширээний эрэлд явах болбол – юун баяр баясгалан? Ширээгээ амжилттай захиалчихаад баяр дээр баяр нэмэе гэвэл болзооноосоо 30 минутын өмнө ресторандаа очоод үйлчлэгчид нь цэцгийн баглаа, бэлэг хоёроо орхиод тогтсон цагт ширээн дээр тавигдсан байхаар зохицуулж болно. Дараа нь бүсгүйтэйгээ ороод ирэхэд бэлэг нь ширээн дээр хүлээж байвал бүсгүй тань гайхан баярлаж, таныг улам их үнэлэн хайрладаг болох нь дамжиггүй.
Дурлалт хосууд нэг нэгээсээ бэлгэнд юу авмаар байгааг нь асуухад болохгүй юм үгүй. Хайртай бүсгүйдээ юу авч өгөхөө огт мэдэхгүй байгаа бол өөрөөс нь асуусан нь дээр. Дашрамд хэлэхэд, хэрэв хайрт тань танд үнэхээрийн хайртай бол учиргүй үнэтэй бэлэг нэхэхгүй, хайртай хүнээ эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй. Танаас хүсэх бэлгээр нь түүнийхээ тухай нэгэн дүгнэлт хийж болно гэсэн үг.
Үндэстэн агентлаг