Москвагийн
цагдаагийн албан хаагчид Арбатын гудамжинд байрлах Монгол Улсын Элчин Сайдын яамны мэдлийн барилгад рулетын таван ширээ, тоглоомын 17 автомат машинтай казино ажиллуулж
байсныг илрүүлсэн. Мөн энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа тухай оросын
хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас
мэдэгдэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Даваасүрэн \”Москва дахь Монголын Элчин сайдын яамны байранд
казиногийн үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. ОХУ-ын зүгээс цагдаагийн байгууллагаар шалгагдаад
тогтоогдвол Гадаад хэргийн яамаараа дамжуулж албан ёсны ноот бичиг өгөх ёстой.
Бидэнд албан ёсоор ирүүлсэн мэдээ алга. ОХУ-ын
нийслэл Москва хотод Монгол Улсын гурван обьект байдаг. Үүнд Москва дахь
Монголын Элчин сайдын яамны байр, Дипломат төлөөлөгчийн байр болон Худалдааны
төлөөлөгчийн газар, 105 дугаар байр гэсэн гурван обьект бий. Дипломат
төлөөлөгчийн байр хэтэрхий хуучирсан осол гарах магадлалтай гэсэн дүгнэлт
гаргасан учир Дипломат төлөөлөгчийн ажилчид 105 дугаар байр руу нүүсэн. Ингээд
хуучин Дипломат төлөөлөгчийн байрыг Москвагийн Центр Регион Стиль гэх компанид
2007 оноос 10 жилийн гэрээтэй түрээсэлж байгаа. Оросын сайтад Дипломат
төлөөлөгчийн газар байрладаг байранд нууц казино явуулж байсан гэсэн мэдээлэл
гарсан. Мэдээллийн мөрөөр Монголын Элчин сайдын яамныхан очиж үзэхэд цагдаагийн
байгууллага шалгаж битүүмжлээгүй, казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн шинж тэмдэг
байхгүй байсан” гэж мэдэгдлээ.
Мөн ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа түрээслэгч Центр Регион
Стиль компанийн удирдлагад хариу тайлбар авахаар бичиг өгсөн байгаа гэх
мэдээлллийг өглөө.
Үндэстэн агентлаг