Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний эмнэлзүйн судалгааны “Pro-Gen” төслийн нээлт өнөөдөр /2024.08.08/ боллоо.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, “Korea Pharma” ХХК-ийн хамтран энэ төслийг хэрэгжүүлнэ.
“Pro-Gen” төсөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийг “Korea Pharma” ХХК санхүүжүүлжээ. Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний арга нь хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн эмчилгээний аргын нэг. Одоогоор АНУ, Европын орнуудад хийж байна. Азид анх удаа, тэр дундаа манай улсад тус эмчилгээний аргыг нэвтрүүлж, нутагшуулах гэж байна.
Нээлтэд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор М.Адилсайхан, “Korea Pharma” ХХК-ийн ерөнхий захирал, хүний их эмч, клиникийн профессор Б.Бурмаа, УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч, клиникийн профессор Ж.Ганцолмон, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Дүрс оношилгооны эмч П.Бат-Ирээдүй нар оролцов.