Иргэний зориг ногоон нам /ИЗЗН/-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Намын дарга Б.Батбаатар, УИХ 126 гишүүнтэй болсон. Үүнээс хэт олонх буюу 118-ын бүлэг Засгийн газрыг байгуулсан. Үндсэн хууль болон УИХ-ын хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлж буй субъектүүд хамтран бүлэг байгуулах ёстой. 118-ын бүлгээ байгуулаагүй, МАН олонх, АН цөөнх гэсэн статустай явж байна.
УИХ-ын 11 Байнгын хорооны даргыг МАН, АН хуваарилж авсан. Бид Засгийн газарт ямар нэг байдлаар хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ УИХ ард түмний төлөөлөл учраас УИХ-д байгаа бүх нам эвсэл, гишүүнийг оролцоотой байх тал дээр анхаарах ёстой.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах гэж байна. Үндэсний эвсэл, ИЗЗН мэдээлэлтэй болж чадахгүй байна. Бидний ард иргэдээ төлөөлөх, мэдэх эрх тодорхой хэмжээнд алдагдаж байна гэж үзэж байна. Тийм учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулах нь зүйтэй.
Түүнчлэн чуулганд үг хэлэхийн тулд өмнөх нь өдөр албан тоотоор хүсэлтээ явуулах ёстой байдаг. Манай нам минималист, эко чиг хандлагыг баримталдгийн хувьд энэ байдал нийцэхгүй байна. Техник технологийн хувьд хоцрогдсон энэ зүйлээсээ УИХ салах ёстой гэлээ.