Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-
Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Г-ийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалыг гаальд мэдүүлэхгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-
Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 3 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн албан тушаалтан И.Ж, Е.А, Е.К нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар