Энэ оны Азийн хамгийн хүчтэй хар салхи гэгдээд буй Яги хар салхи Вьетнам улсыг дайрч, амиа алдсан хүний тоо 58 хүрэв.
Хар салхины дараа үер, хөрсний гулгалт үүссэн бөгөөд 750 орчим хүн бэртэж, 40 хүн сураггүй болоод байгаа юм. Вьетнамын хойд хэсэгт орших хэд хэдэн гол үерийн аюултай түвшинг даван үерлэж буй бөгөөд Пу То муж дахь гол гүүр нь даваа гарагт нурсан байна.
30 жилийн настай уг гүүр нурах үеэр дээгүүр нь зорчиж байсан 10 машин, нэг скүүтер голын ус руу унасан бөгөөд найман хүнийг эрэн хайж байгаа аж. Тус улсад сүүлийн 30 жилийн хугацаанд тохиож буй хамгийн хүчтэй хар салхины улмаас 1.5 сая хүн цахилгаангүй болжээ.
Яги хар салхи Вьетнамаас өмнө Хятад, Филиппиний нутгийг дайран өнгөрсөн бөгөөд энэ үеэр 24 хүн амиа алдсан.
Эх сурвалж: Reuters