Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, өнөөдөр ашиглалтад оруулжээ.
Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллийн байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн байна.
Ландфиллийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн.
Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфилл нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлжээ.
Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар барьсан байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо болон Өмнөд Солонгос улс, Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээн байгуулсан энэхүү дэд бүтцийн төслийн үр дүнд Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая гаруй иргэнд байгаль орчин, эрүүл ахуйн олон үр өгөөжийг авч ирнэ.
Монгол Улсын үндэсний болон Европын холбооны байгаль орчны удирдамжийн дагуу баригдсан энэхүү байгууламж нь хотын хатуу хог хаягдлыг 10 жилийн турш байгаль орчин, эрүүл ахуйд аюул учруулахгүйгээр газарт булах боломжийг бүрдүүлж байна“ гэв.
Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Өнөөдөр бид Улаанбаатар хотод олон талын ач холбогдолтой шинэ байгууламжийн нээлтийг хийж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ байгууламж болон түүнийг дагасан дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нь хотын хог хаягдлын менежментийн чадавх, дэд бүтцийн хувьд томоохон алхам боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд хог хаягдлыг илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах байгууламжтай болж байна” хэмээн онцоллоо.