УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “1,500 ухаалаг гэрлэн дохио, 500 камерыг хэдэн төгрөгөөр худалдан авч, хэзээ хэрэгжүүлэх вэ. Үр дүнд нь түгжрэл хэдэн хувиар буурах вэ” хэмээн асуув.
20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн: Нийслэлд замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийг нэвтрүүлж, хотын гэрлэн дохионы удирдлагыг ухаалаг системд шилжүүлэх заалттай. Тус заалт энэ жил хэрэгжээд эхэлчихсэн.
Тендерийн хувьд Улаанбаатараас хөрөнгө мөнгө гаргаж, техникийн боломжоо бүрдүүлээд явж байгаа. Ирэх жилээс замын уулзвар дээр мод барьсан цагдаа үзэгдэхээ болино. Замын хөдөлгөөний эрчмийг 10-15 хувиар сайжруулна. Төсвийн дүнгийн мэдээллийг нийслэлийн хүмүүс нэмж хариулна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ажлын хэсэгт хэн байна вэ. Нийслэлээс хүн байна уу. Та хэд чинь яачихсан юм бэ, буланд суучхаад гараа жижигхэн өргөөд байх юм. Ажлаа хариуцаж байгаа юм бол тодорхой бай. Тоглоом хийж байгаа юм шиг байна.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан: Замын хөдөлгөөн зохицуулалтыг цагдаа болон программ хангамжаар зохицуулж ирсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил замын хөдөлгөөний уулзвар, зам дагасан камерын системийн тендер шалгаруулалт явж, ажил нь эхэлсэн.
Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах төлөвлөгөөтэй. Мөн Google компанитай хамтраад ухаалаг системийг хөгжүүлэх гэрээ хэлэлцээрийн шатны ажил явагдаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Өмнөх систем болох RFID төслийг асууж байна, ашиглалтад ордоггүй юм уу. Гүйцэтгэгч нь хэн бэ. Манай парламентын систем шиг болчихсон уу.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан: RFID төсөл одоогоор дуусаагүй. Надад тодорхой нарийн мэдээлэл байхгүй. Гүйцэтгэгчийн мэдээлэл байхгүй, дахиж тодруулж өгье.