Замын хашлага, бродюртой холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас мэдээлэл хийлээ.
ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 Аж Ахуй Нэгж, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бродюр хавтангууд импортолсон байна.
Импортын замын хашлага, бродюр, цементэн хавтанд нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа.
Нэг ширхэг бродюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээ цахим орчинд өрнөж байна. Бид шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй.
Манайд бродюрыг 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй.Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх.
Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн.
Энэ жил улс орны бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх онтой харьцуулбал 30 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор илэрхийлэг бөгөөд гаалийн үнийг ширхгээр тодорхойлдоггүй” гэв.
Үргэлжлүүлэн “Энэ жил байгалийн чулуун бродюр их орж ирсэн. Мөн цементэн бетон бродюр бий.
Гаалийн татварын хувьд:
- Байгалийн чулуун хашлага бродюрын гаалийн татвар нь таван хувь, НӨАТ 10 хувь
- Цементэн бетон хашлагын гаалийн тариф нь 20 хувь, НӨАТ нь 10 хувь
Он гарсаар эхний есөн сарын мэдээллийг танилцуулъя:
Хятад улсаас бродюрууд импортолсон. Тодруулбал Замын-Үүд, Бичигт боомт, Говь-Алтайн бургастайн боомтоор, Гашуунсухайтын боомтоор орсон.
Замын-Үүдийн боомт хамгийн их хувь буюу 392.8 тонн бродюр орж иржээ. Харин хамгийн бага импортолсон нь Бичигт дэх боомтоор 76.3 тонн орж ирсэн байна.
Нэг ширхгийг 19 мянган төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан мэдээ байхгүй. Хэмжих нэгжийг ширхэг гэж яриад байгаа. Гэтэл гаалийн байгууллага бродюрт ногдох албан татварыг метр кубээр тооцдог” гэлээ.