Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “YouTube”-д нэвтрэх боломжийг хязгаарласан “Google” компанид ОХУ-ын шүүхээс хоёр ундециллион рубль буюу ардаа 36 тэг бүхий тоотой тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ.
Ам.доллароор тооцвол энэ нь 20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 ам.доллар болох ажээ. Хэдийгээр “Google” компани дэлхийн хамгийн баян компаниудын нэг боловч дээрх торгууль нь компанийн үнэлгээ болох 2 их наяд ам.доллароос олон дахин давж байна.
Мөн Олон улсын валютын сангийн тооцоолсноор 110 их наяд ам.доллароор хэмжигдэж буй дэлхийн ДНБ-ээс хамаагүй их юм. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр, торгуулийн хэмжээ байнга өссөөр байгаа тул ийм асар их тоонд хүрсэн байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “энэ тоог хэлж чадахгүй байна” гэснийг ТАСС эш татан уламжилжээ. Д.Песков “Google”-ийн удирдлагад хандан Оросын телевизүүдийн “YouTube” дэх сувгуудад тавьсан хязгаарлалтыг цуцлахыг уриалсан байна.
2022 оны гуравдугаар сард “Google” компани Орос дахь хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэхээ зогсоож, Украин дахь Оросын дайнтай холбоотой контентуудаар мөнгө олох ажиллагааг түр хаажээ.
Үүнээс хойш тус компани “YouTube” дэх 1000 гаруй суваг, тэдгээрийн дотор төрийн мэдээллийн болон 5.5 сая гаруй дүрс бичлэгийг хаасан байна.
“Монцамэ” агентлаг