2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ өчигдөр хийв. Энэ үеэр “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцжээ.
Засгийн газраас 2025 онд гадаад, дотоодод гаргах үнэт цаасны хэмжээг 4.0 их наяд төгрөгөөр тогтоохоор өөрчлөлт оруулах санал гаргажээ. Үнэт цаас гаргана гэдэг нь Засгийн газар гадаад дотоодоос зээл авна гэсэн үг юм.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Засгийн газрын нийт өр 29 их наяд 742 тэрбум төгрөг байна. Өрийн дийлэнхийг гадаад өр бүрдүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан Засгийн газар ямар үнийн дүнтэй бондыг аль зах зээлд гаргаж, төвлөрсөн орлогыг юунд зарцуулах талаар асууж, Төвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нараас хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2026 оны дөрөвдүгээр сард эргэн төлөх хуваарьтай “Номад” бондын 578 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн зохицуулалт хийх үүднээс “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр эрх олгох гэж байгаа бондыг үнийн дүнтэй болгох нь зүйтэй гэв.
Мөн тэрээр Улсын Их Хурлын гишүүдийн шаардлагаар танилцуулгад 4.0 их наяд хүртэл төгрөг гэсэн дүн тавьсан нь хачирхал төрүүлж байна. “Номад” бондын төлбөрийн дүнгээс хоёр дахин их үнийн дүнтэй байгаа нь үүний цаана Улсын Их Хурлын гишүүдэд мэдэгдэхгүйгээр далдалж нуусан зүйл байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буйг дурдаад, Засгийн газар өргөн мэдүүлсэн төсөл, асуудлаа бүрэн танилцуулж байхыг анхааруулав.