Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Тэрбээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе үеийн төгсөгч нарт түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
1991 онд Санхүү, эдийн засгийн техникумын суурин дээр байгуулагдсан Эдийн засгийн коллеж нь зах зээлийн эдийн засгийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчид нь Хөрөнгийн бирж, хоёр шатлалт банкны тогтолцоо, татвар, гааль, даатгал бизнес зэрэг зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Тус сургууль анх 1924 онд хоёр багш, 40 суралцагчтай “Гаалийн түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарыг хөгжүүлэх, түүн дотроо үндэсний боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
-
1929 онд “Нягтлан бодохын жинхэнэ сургууль”,
-
1935 онд “Санхүүгийн техникум”,
-
1946 онд “Санхүү, эдийн засгийн техникум” болон өргөжиж,
-
1949 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.
Тус сургуулийг 55 мянга гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал тэргүүтэй төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, гавьяатан, урлаг, соёл, утга зохиолын алтан үеийн алдартнууд, үндэсний болон олон улсын спортын дэвжээнд нэр алдраа дуурьсгасан олон аварга цолтон төгсөн гарчээ.