Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, зургаан настны нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгийн явцтай танилцав.
Тус сургууль нь 1 дүгээр ангийн таван бүлэг, 183 сурагчдынхаа дунд хараа шалгах үзлэгийг бүрэн зохион байгуулжээ. Өнөөдөр амны хөндий, зүрх судасны сүүлчийн үзлэгийг зохион байгуулснаар зургаан настнуудаа нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгт хамруулж дууслаа.
Өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2027 сурагч хамрагдсаны 0.05 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсаны 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсаны 83 хувь нь өвчлөлтэй байгаа нь илэрсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа юм.
Цаашид сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг насны ангилалтайгаар үргэлжлүүлж, жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Хүүхэд эрүүл байхад бүх талын оролцоо, хариуцлага чухал учраас эцэг эх, асран хамгаалагчид энэхүү боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалан, эрүүл, эрдэм боловсролтой монгол иргэдийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр уриалав.