Өвчний онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байсан асуудлыг шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Г. Занданшатар үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, эрт илрүүлгийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд зарцуулах шийдвэр гаргасан байна.
Ингэснээр энэ оныг дуустал зөвхөн ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Архаг ангилалд тавьсан квотоос болж 1250 хүүхэд эмчилгээгээ хийлгэж чадахгүй болоод байсан бөгөөд квот нэртэй хүүхдийн эмчилгээнд хаалт болоод байсан хязгаарлалтыг цуцалсан байна.