-Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 хүн нэр дэвшсэн. Үүнээс хэдэн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан юм бэ?
-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 511 хүнээс сонгуулийн явцад нийт дөрвөн нэр дэвшигчийг дотоод сонгуулийн өмнө нэрсийн жагсаалтаас хассан. Дорнод аймгаас хасагдсан хоёр нэр дэвшигч нь АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тодорхой хугацаатай шийтгэл оногдуулсан байсан бөгөөд тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учраас хассан. Дархан-Уул аймгаас мөн шийтгэл нь дуусаагүй гэсэн шалтгаанаар нэг нэр дэвшигчийг хассан. Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн учраас тус тус нэрсийн жагсаалтаас хассан.
-УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас яагаад хассан юм бэ?
-Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд намын тодорхой гишүүдээс санал гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо хуралдаж, асуудлыг нь шалгах шаардлагатай гэж үзэж түр түдгэлзүүлсэн. Үндсэн дүрмийн хороо дотоод сонгуулийн дүн гарсны дараа дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана.
-С.Баярцогтын асуудлыг шалгасны дараа ямар нэг асуудалгүй гэвэл тухайн нэр дэвшигчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид АН-ын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа учраас хатуу хяналт тавин ажиллана гэж үзэж байгаа. АН шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа учраас С.Баярцогтын нэр дэвшихээс түдгэлзүүлсэн. Хэрэв шалгалтын дүнд зөрчилгүй гэж үзвэл дахин Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвших эрхтэй. АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүнийг жил бүр сонгох, нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломжтой.
-Оффшорын асуудал удаан хугацаанд яригдсан. Үнэхээр АН-ын удирдлага С.Баярцогтыг оффшор данстай холбогдуулан ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм бол Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэхгүй байж болоогүй юм уу?
-Өмнө нь С.Баярцогттой холбоотой ямар нэг гомдол ирээгүй. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэний дараа намын гишүүдээс гомдол ирсэн учраас намын эрх бүхий байгууллага авч үзээд шийдвэрээ гаргасан.
-С.Баярцогтыг АН-аас хөөнө гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч ?
-Намын түвшинд С.Баярцогтыг намаасаа хөөх асуудал яриагүй.