НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо 2017 оны 4 дүгээр сарын 3-нд ажлаа эхлэв.\”Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаас танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болон шинээр баталсан, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг цохон тэмдэглэв.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үгийнхээ төгсгөлд манай улс 1996 онд Каир хотноо болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 2002 оны Насжилтын асуудлаарх Мадридын Үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд үндэсний түвшинд дэвшүүлэн тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулганы ажиллагаа 4 дүгээр сарын 3-7-нд үргэлжилнэ.
Эх сурвалж:ГХЯ