Нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын дөрвөн хүн Дамирангийн Энхбат хэмээх Монгол Улсын иргэнийг Франц Улсаас хулгайлан авчирсан байдаг. Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг \”хөнөөсөн” нөгөө \”Батаа”, \”Оюунаа” хоёрын \”Батаа” нь хэмээн сэжиглэж Францаас хулгайлж Германаар дамжуулан Монголд авчирсан бөгөөд улмаар С.Зоригийг хөнөөснөө хүлээ хэмээн хэрцгийгээр тамлаж амь насыг нь хохироосон юм.
Хэдийгээр талийгаач өмнө нь хэрэгт түвэгт холбогдож байсан ч С.Зоригийг хөнөөгөөгүй гэдгээ эцсээ хүртэл хэлж, маш их тарчилж амиа алдсан байдаг. Ингэхдээ тагнуулынхан Д.Энхбатад \”Чи Цагаан шонхор”-ын Энхтайван С.Зоригийг алах санал надад тавьсан гэдэг хэргийг л хүлээчих. Чи буцаад Франц руугаа 500 сая төгрөгтэй явна шүү дээ” гэж хэлсэн гэж байгаа. Тэгэхэд нь Д.Энхбат \”Би хүн гүтгэж чадахгүй” гэсээр эрүү шүүлт амсч, дээрээс нь хууч өвчин нь сэдэрч амиа алдсан байдаг. Албаныхан энэ бүхнийг аль хэдийн тооцоолж тэсэхгүй гэдгийг нь мэдэж байсан бөгөөд амиа алдсан тохиолдолд өвчнөөр өнгөрсөн болгохоо мэдэж байсан гэдэг.
Тэгвэл өдгөө талийгаач Дамирангийн Энхбатыг С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдгийг Монгол Улсын хоёр ч шатны шүүх нотоллоо. Тиймээс гэм буруугүй нь илэрхий болсон талийгаач Д.Энхбатын үхэлд буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээх ёстой. Түүний амссан зовлон, гомдлын өмнөөс Монголын төр одоо ямар нэгэн зүйл хийх ёстой. Адаглаад талийгаачийн ар гэрийнхэн болон ард түмнээсээ уучлалт гуйж, дахиж хүн хэлмэгдүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаарах ёстой. Мөн Д.Энхбатыг хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өдгөө Д.Энхбатыг хэлмэгдүүлсэн, хулгайлж авчирсан хүмүүс нь байна. Тэдэнд үүрэг даалгавар өгсөн хүмүүс нь ч байна. Мөн түүнчлэн \”Батаа”, \”Оюунаа” хэмээх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн Б.Булган ч байна.
Монгол Улсын хууль, шүүхийн шат шатны байгууллагын шалгалт, шинжилгээгээр С.Зоригийг Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нарын дөрвөн хүн хөнөөсөн гэсэн. Бас энэ мэдээлэл эргэлзээгүй гэж ард түмэндээ үзүүлсэн. Тэрхүү мэдээлэл дотор алуурчид С.Зоригийн гэрт чанасан мах идэж, Б.Булгантай хамт тамхилсан гэж тодоос тод харагдаж байгаа. Монголын хууль, шүүхийн байгууллага үнэхээр үнэн зөв ажиллаж хараат бусаар шийдвэрээ гаргасан л юм бол Д.Энхбат С.Зоригийг хөнөөгөөгүй нь тодорхой боллоо. Тэгэхээр түүнийг хэлмэгдүүлж, аймшигтайгаар зовоож амь насыг нь хөнөөсний хариуцлагыг холбоотой хүмүүс нь үүрэх л ёстой.
Бас худал мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, олон жил төөрөгдүүлсэн Б.Булгантай ч мөн хариуцлагын асуудал ярих ёстой. Ерөөсөө С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор дан ганц Д.Энхбат ч биш нэлээд хэдэн хүн хэлмэгдсэн байдаг. Хэдийгээр тэдний тухай мэдээлэл хомс байдаг ч ард түмний нүдэн дээр шахуу амь үрэгдсэн Д.Энхбатын тухай мэдээлэл дэндүү их байна. Тэгтэл ийм ил тод явдлыг зүгээр орхиж, хүний амь насаар тоглосон явдлыг тоохгүй өнгөрөх юм гэж үү. Ер нь аливаа асуудал мухардалд ороход анхны цэг дээрээ оч гэдэг үг байдаг. Түүнтэй адилаар Дамирангийн Энхбатын үхэлд хэн, хэн хариуцлага хүлээх ёстойг тэндээс л хайх ёстой байх. Д.Энхбатыг Францаас Германаар дамжуулан Монголд авчирсан явдлыг Английн тагнуулын албаныхан олж мэдэж, дараа нь англичууд Б.Хурцыг баривчлан хорьсон. Тэгэхэд түүнийг цээжээрээ хамгаалж, гараас нь хөтлөөд шахуу авчирч ТЕГ-ын даргаар хэн тавьж байв. Тэндээс эхлэх ёстой бус уу.
Төгс