Солонгосын хойгт дайн дэгдэх эсэх тухай Монголчуудын сэтгэл санаа чилэх явдал багасаж нийт \”масс\”-ын анхаарал өөр шинэлэг сонин содон зүйл рүү хандаж буй бололтой. Ингэхдээ бүр Үндэсний ганц ТВ-ээр хоёр Солонгосын хил дээрээс бэлтгэсэн нэвтрүүлэг үзүүлж байна.
Бусад улс орны мэдээллийг эх сурвалжийг нь дурьдалгүй, нэрэлхэлгүй шууд хуулдаг манай хэвлэл мэдээллийнхэн \”Цагийн хүрд\”-ээр ганц удаа ч гэсэн бодит газар орон дээрээс нь буюу Солонгосын хил дээрээс бэлтгэсэн сурвалжлага үзүүлснийг тун зөв алхам гэж харлаа. Гэхдээ энд анхаарах ёстой нэг асуудал байна. Олон хүмүүс Хойд Солонгосын удирдагч \”Тарган залуу\”-г зайлуулчихвал бүх юм сайхан болчих юм шиг өнгөц бодоод байна.
Мэдээж Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад удирдагч хамаг шийдвэр гаргаж байгаа нэгдүгээр хүн мөн боловч нам, цэргийн дээд тушаалын хүмүүсээс бүрдсэн түүний тойрон хүрээлэгч нар маш чухал үүрэг рольтой хүмүүс гэдгийг анзаарахгүй орхиод байх шиг. Барууныхан нэрлэж заншсан \”Дэглэмийн элит\” давхрагыг бүрдүүлж буй эдгээр хүмүүс тус улс оршин тогтноход хамгийн гол чухал үүрэг гүйцэтгэж байгааг мартаж болохгүй. Тийм учраас нэгдүгээр хүн Ким байна уу Пак байна уу ямар ч ялгаа байхгүй зөвхөн энэхүү элит давхрага л улсын хувь заяаг аль зүгт чиглүүлэхийг шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаар намын болон цэргийн хамгийн доод түвшинээс бүх шат дамжлагаар ямар ч алдаа гаргалгүй махийтал зүтгэж, зүтгэж арай хийж нэг юм \”элит\” давхрагад багтсан хэдэн мянган намын дээд албан тушаалтнууд, цэргийн генералиудад одоогийн дэглэмийг өөрчлөх сонирхол бага байх нь тодорхой гэж бодож байна.
Дашрамд хэлэхэд БНАСАУ-ын удирдагч Ким Ён-ун /Kim Jong-un/ нь маршал цолтой бөгөөд 3 сая гишүүнтэй Солонгосын Хөдөлмөрчдийн намын дарга, Улсын Батлан хамгаалах хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга, 1 сая цэрэгтэй Солонгосын Ардын армийн дээд ерөнхий командлагч, БНАСАУ-ын Ардын дээд ассемблейн орлогч дарга зэрэг олон чухал албан тушаалыг зэрэг хашдаг залуу билээ.
Дэд хурандаа Р.Энхболд