Олон жил тамхи татсан эмэгтэй гишүүн өөрийн туршлагадаа тулгуурлан,
Монголчуудыг тамхинаас гаргах, дам тамхидалтад өртүүлэхгүй байх үүднээс \”Тамхины
хяналтын тухай хууль” гэгчийг санаачилж, батлуулсан. Энэ хууль хэрэгжиж
эхэлснээр тамхичдад нэгэн хүндрэл бий болсон нь хаана, хэрхэн тамхи татах вэ
гэдэг асуудал байв. Хаа хамаагүй тамхи татаж байгаад баригдвал 50000 мянган
төгрөгөөс эхлээд торгуулийн механизм ажиллаж эхлэх учраас айж, эмээсэн хэрэг л
дээ.
Ямар сайндаа л хошин шогийн хэдэн хамтлагууд тамхи татах газар олдохгүй
явсаар хөдөө очоод хоёр хоночихоод ирлээ гэх сэдэвтэй үзүүлбэр хийгээд элэглэж
байх вэ дээ. Үнэндээ нэг хэсэг тамхи татаад зогсох нь хүнд гэмт хэрэг үйлдэж
байгаа мэт сэтгэл түгшээсэн эвгүй зүйл байлаа. Одоо бол ёстой хаа хамаагүй
баагиулж, хүссэн газраа эрх чөлөөг мэдэрцгээж байна. Төрийнхөн уг нь өрөөндөө
тамхилж болохгүй гэсэн хуулийн заалттай ч манай гишүүд үнсний саваа бариад л
өрөө өрөө хэсч явдаг болсныг нуугаад ч яах билээ.
Өөрөөр хэлбэл тамхины хяналтын тухай хууль батлагдсан шигээ сүржин байж
чадсангүй. Монголын хууль гурав хоног гэдгийг баталж, хэрэгжилт нь суларлаа.
Тэгвэл тамхины хяналтын тухай хуулийг дагаж гарч ирсэн нэг сүрхий бизнес
бий. Тэр нь \”тамхи татах цэг”. Нийслэлээс 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр
энэхүү \”тамхи татах цэг” гэгчийг байршуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Нийслэлийн
20 байршилд дотор нь тамхи татах зориулалттай ч цоожтой шилэн түцнүүдийг
байршуулсан. Үнэндээ хуулиндаа захирагдахаас илүүтэй шилэн байгууламж дотор
тамхи татаад үзчих сонирхолтой залуус олон л байсан. Гэвч яг зориулалтаар
ашиглаж чадахгүй байсаар, ихэнх нь цоожтой байсаар нэг өглөө харахад бүгдийг нь
ачаад явчихсан байх юм.
Нэг тамхины цэг 15 сая төгрөг гэхээр нийслэлээс 300-аад сая төгрөгийн
тамхичиддаа зориулсан байна. Гэвч ашиглаж чадахгүй байсаар буцаан татлаа. Одоо
яах вэ. \”Тооцоо судалгаа муутай ажилд 300 сая төгрөг зарцуулчихлаа, за яахав
яахав. Дараа нь л зөв ажил хийе” гээд өнгөрүүлэх үү.
Эсвэл манайд хэрэгжихээргүй төсөл хөтөлбөр боловсруулж 300 саяыг хийсгэсэн
албан тушаалтантай хариуцлага тооцох уу. Э.Бат-Үүлийг хотын дарга, Д.Баттулгын
НИТХ-ын даргаар ажиллаж байх үед \”тамхи татах цэг” байршуулах шийдвэр гарсан. Тэгэхээр
хариуцах эзэн нь хажууханд байна. Эсвэл цоожийг нь онгойлгож, ашиглахын орон хураагаад аваад явсан С.Батболдод ч хариуцлага тооцсон ч яах вэ дээ. Эзэд нь бүгд л байна. 300 сая үнэтэй тамхины цэг л алга.
Амар