Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхдийг голд үйж амь насаа алдах аюулаас аварлаа.
Тэрбээр энэ сарын 16-ны өдөр Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хүүхэд хэвтэж байхыг харж ус гатлан очтол нэгэн хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болж, осгосон байдалтай зогсож байжээ. Мөн дөрөв, тав орчим настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь норж хөлдөн голын мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.
Цахир сумын Хүн эмнэлгийн эмч, сувилагч нар осгосон хүүхдүүдэд шаардлагатай эрчимт эмчилгээг хийснээр таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр, долоон настай С.Цэрэнрандал нарын бие сайжирчээ. Гурван хүү тухайн өдрийн 12:00 цагийн орчимд голоос ус авах гэж очсон аж. Гэтэл голын мөс цөмрөн улмаар усанд 40 метр орчим урсаж, голын дунд хэсэгт мөсөн дээр тогтоод байхад нь цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад 18:00 цагийн орчимд аварчээ.
Хүүхдүүдийнх нь алтан амийг аварсан эрхэм үйлстэн цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход гурван хүүгийн эцэг, эх, төрөл, садан болон Цахир сумын төр захиргааны байгууллагын зүгээс талархал илэрхийлсэн байна. Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт талархал илэрхийлье
Эх сурвалж:ЦЕГ