Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудаас нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ. Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрджээ.
Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг Улсын төв хоёрдугаар эмнэлэгт 23 нэр төрлийн үзлэг шинжилгээнд хамруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Дүгнэлтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат \”ЭМЯ-наас батлагдсан комисс хуулийн хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Сонгуулийн тухай хуулийн 142 зүйлийн 142.1.12 заалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.3-т заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А/167 дугаар тушаалаар батлагдсан комисс ажиллаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хуулийн хугацаанд нь хамрууллаа. Үзлэгт оруулах ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр СЕХ-нд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүллээ. 23 нэр төрлийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Бүх л нарийн мэргэжлийн шинжилгээ оношлогоонд оруулсан. Шинжилгээний үр дүнг зарлах боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой эрүүл мэндийн шалтгааны ноцтой зөрчил илрээгүй. УИХ-ын даргад, дараа нь АН, МАХН-д хүлээлгэн өгнө. Тэд өөрсдөө энэ лацтай нууцын зэрэглэлтэй дүгнэлтээ СЕХ-нд гардуулж өгнө\” гэсэн тайлбарыг өгөв.