Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан дүүргийн төв замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг \”Эко тогтол” ХХК өнөөдрөөс эхлэн хийж гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ийнхүү ажлаа эхэлж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, гүйцэтгэгч \”Эко тогтол” ХХК-ийн захирал Э.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орсон байна. Тийм учраас замын хөдөлгөөний тав тух, аюулгүй байдал, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухтай зорчих, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар ийнхүү өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлж байна.
Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.