Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудын хэмжээнд шүлхий өвчний SAT-1 хэвшлийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим орон нутагт хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн голомтын бүсүүдийн мал сүргийг вакцинд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Үүсээд буй нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзийгөөс тодрууллаа. Тэрбээр “Aймгийн хэмжээнд өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэм тогтоож өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Сумдын нөхцөл байдлыг авч үзвэл, Алтай суманд тавдугаар сарын 22-ны өдрөөс хойш хорио цээрийн дэглэм тогоосон. Тус суманд өвчилсөн малын тоо 883-д хүрч, 1,400 гаруй толгой мал устгалд оруулсан. Дэлүүн суманд 24 мал өвчилж, 120 гаруй толгой мал устгаад байна. Дээрх сумдад өвчний шинэ тохиолдол дараалан бүртгэгдсээр байгаа тул хорио цээрийн дэглэмийг цаашид сунган ажиллуулахаар болсон.
Үүнээс гадна Цэнгэл суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, урьдчилсан шинжилгээгээр шүлхий өвчний SAT-1 хэвшил болох нь тогтоогдсон тул тус сумыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн. Өчигдөр өдрийн байдлаар голомтын бүсүүдэд нийтдээ 1,740 гаруй малыг устгалд оруулаад байна. Шүлхий өвчинтэй тэмцэх, тархалтыг зогсоох зорилгоор БНХАУ-аас 1.6 сая тун вакцин татан авах ажил эхэлсэн.
Одоогоор Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу эхний ээлжийн 826,200 тун вакцин тээвэрлэгдэн ирж байна.
Энэхүү вакцин нь голомтын бүс нутгуудын 1.4 сая малд тарих хэмжээний тун бөгөөд аймагт ирсэн цагаас эхлэн голомтын бүсүүдэд шууд тараагдах юм. Гэхдээ тээвэрлэлтээр ирсэн тунг шууд малд тарихгүй бөгөөд хадгалалтын горимоос тасалгааны горимд шилжүүлсний дараа дархлаажуулалтын ажил албан ёсоор эхэлнэ. SAT-1 хэвшлийн вакцин ирсэн өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Вакциныг хоёр тунгаар хийх бөгөөд эхний шатны вакцинжуулалтыг долдугаар сарын 7-ны дотор дуусгахаар, харин хоёр дахь шатны вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж долдугаар сарын 21-ний өдөр бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.











































































