Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус баазын хувьд ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ.
Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобусны иж бүрдэл хөдлөх хэрэгсэлтэй юм. Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм.Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд их засвар хийх шаардлагатай байжээ. Тэгвэл тус баазын удирдлага солигдож өнгөрсөн оны наймдугаар сараас троллейбусны бэлэн байдлыг 93 хувьтай болгосон байна.Өөрөөр хэлбэл, их засвар шаардлагатай троллейбусыг өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар засварлаж өнгөрсөн хугацаанд таван троллейбусыг үйлчилгээнд гаргаад байсан бол өнөөдөр үлдсэн 12 троллейбусны 8-ыг нь их засвараас гаргаж ашиглалтад орууллаа. Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад хэдийнэ бэлэн болжээ.Дашрамд дуулгахад, энэ онд троллейбусны компани байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд тус баазынхан 30 шинэ бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх ажил юм.Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар босгосон троллейбус комбинатын эх суурийг цаашид залгамжлуулан хөгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын буцалтгүй тусламжаар нэг цахилгаан автобусыг үнэ төлбөргүй оруулж, үйлчилгээнд явуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.