Францын ахлах сургуулийн сурагчид боловсролын тогтолцоогоо эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын нөхцөл байдал хурцдаж 400 гаруй хүнийг саатуулаад байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхэд байв.
Уг жагсаал Парис хотод эхэлсэн ба жагсагчид сургуулиудаа бүслэн хааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмжээнд хүргэжээ. Тэд сургуулиудын анги танхимын хэт ачаалал, багшийн хомсдол зэрэг боловсролын салбарын асуудлыг эсэргүүцэж байгаа юм.
Эсэргүүцлийн үеэр багадаа арван багш, сурагч, мөн хууль сахиулах байгууллагын 48 ажилтан бэртжээ.Франц улсын Боловсролын яамны мэдээллээр 400 орчим сургуульд жагсаал болсон байна.
Жагсаалд оролцсон 16 настай сурагч охин “Бид юм сүйтгэж, эвдэхийн тулд биш, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Боловсролын тогтолцоо асуудалтай байна. Анги бүрд 34 сурагч байгаа нь сурах орчин хангалтгүй, сургалт явуулах, сурах боломжгүй байна. Багш нар хэт их ачаалалтай ажиллаж байна” гэжээ.
Жагсагчид сургуулийн ойр орчим гал тавьж сүйтгэн нураажээ. Түүнчлэн цагдаа нар руу төрөл бүрийн зүйл шидсэн бөгөөд цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий ашиглан хариу арга хэмжээ авсан байна.
Францын Боловсролын сайд Эдуард Жеффрай өөрийн цахим хуудаст “Жагсаал хийх эрх бол үндсэн эрх чөлөө боловч ийм үйлдлийг зөвтгөх шалтаг байж болохгүй. Ийм аргаар боловсролын салбарыг шүүмжилж, өөрчлөл хийхийг уриалах нь Буруу. Тэд хүчирхийлэл үйлдэж, юм сүйтгэж буй нь өөрсдөдөө болон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл” гэжээ.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньез “Одоогоор эцсийн тоо гараагүй байна. Гэхдээ саатуулагдсан 440 хүний гуравны хоёр нь цагдан хорих ажиллагаанд шилжсэн” гэв.
Тус сурагчдын жагсаал багш, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан үндэсний хэмжээний ажил хаялттай давхацжээ. Эдгээр байгууллагууд цалин хөлс, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: BBC









































































