Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас ОХУ-д Эрхүү хотод гарсан тахал болон Монголд учир болох эрсдэлийн талаар сэтгүүлчид тодрууллаа.
Сайд Э.Батшугар, Монгол, ОХУ, БНХАУ-ын гурвалсан гэрээ байдаг. Энэ гэрээгээр ямар нэг халдварт өвчний дэгдэлт гарвал бие биедээ шууд мэдээлэх үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас манай улсад өчигдөр захидал ирсэн.
Захидалд “Энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй. Нас барсан 28 настай эмэгтэйгээс авсан эсийн шинжилгээгээр тахлын бактери илрээгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор хавьтал болсон 200 хүнийг тусгаарлан ажиглаж байна” гэж албан ёсоор мэдэгдсэн.
ЭМЯ болон мэргэжлийн холбогдох байгууллагууд өчигдөр хуралдаад, эрсдэлийн үнэлгээ хийсэн. ХӨСҮТ, НЭМҮТ гэх мэт байгууллагаас оролцсон эрсдэлийн үнэлгээгээр “Эрсдэлийн түвшин бага” гэсэн дүгнэлт гаргасан.
Гэвч бид анхаарах ёстой. Хилээр орж ирсэн иргэдээр асуумж бөглүүлнэ. Мөн халууныг хэмжиж, эрсдэлтэй бол тусгаарлах байр бэлдсэн. Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын салбарынхан хил дээр ажиллаж байна гэлээ.








































































