Монгол Улс Оросын зургаан “МиГ-29” сөнөөгчтэй ч Чехээс байлдааны сургалтын сөнөөгч “L-39NG Skyfox” онгоц худалдан авахыг сонирхож байгаа аж.
Монгол Улсын Зэвсэгт хүчин агаарын довтолгооноос хамгаалах чадавхаа бэхжүүлэх, тэр дундаа дайсны нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй (дрон) тэмцэх зорилгоор Чех улсад үйлдвэрлэсэн нисэх онгоцуудыг худалдан авахаар төлөвлөж байгаа тухай цэргийн аналитик «Defense Express» цахим хуудас мэдээллээ.
Европын батлан хамгаалах салбарын тойм (European Defence Review) сэтгүүлийн мэдээлснээр, Чех улсад саяхан зохион байгуулагдсан “Forum Future Force” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Чехийн батлан хамгаалахын “Omnipol Group” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Монгол Улс нь Орос, Хятад гэсэн хоёрхон улстай хиллэдэг, далайд гарцгүй өвөрмөц газар зүйн байршилтай хэдий ч НАТО-гийн орнуудтай батлан хамгаалахын идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, АНУ-аас “JLTV” хуягт машинуудыг хүлээн авч байсан түүхтэй.
Гэвч манай улсын нисэх хүчний нөхцөл байдал нэлээд өвөрмөц бөгөөд одоогоор ашиглагдаж буй Оросын талаас 2019-2021 оны хооронд цэргийн тусламжаар үнэ төлбөргүй өгсөн зургаан ширхэг “МиГ-29УБ” (MiG-29UB) онгоц нь манай улсын агаарын довтолгооноос хамгаалах цорын ганц сөнөөгч хүчин бөгөөд нөгөө талдаа шинэ нисгэгчдийг сургах “нисдэг анги” болж зэрэг ашиглагдаж байна. Эдгээр онгоцууд нь “Р-60” болон “Р-73” ойрын зайн агаар-агаар ангиллын пуужингаар зэвсэглэгддэг.
Өмнө нь ашиглагдаж байсан “МиГ-21” онгоцуудыг ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар 2010-аад оны үед зэвсэглэлээс хассан бөгөөд тухайн үед Монгол Улс бие даан шинэ тийрэлтэт онгоц худалдан авах санхүүгийн боломжгүй байсан юм. Мөн манай улсад орчин үеийн зенит-пуужингийн цогцолбор (SAM) байхгүй бөгөөд газрын агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадал нь хуучны “ЗУ-23”, “С-60” болон “ЗПУ-4” төрлийн 150 орчим зенитийн их буу бүхий хоёр хорооноос бүрддэг болохыг гадаадын цэргийн шинжээчид дурджээ.
Чехийн “Omnipol” компани 2022 оны дөрөвдүгээр сард Оросын талаас “L-410” тээврийн онгоцны үйлдвэрлэлийг бүрэн буцаан авсан бөгөөд тус компани нь Монголын сонирхож буй “L-39NG Skyfox” онгоцыг үйлдвэрлэгч “Aero Vodochody” компанийн 25 хувийг эзэмшдэг байна.







































































