Ерөнхийлөгч У.Хүрэлсүр өнөөдөр Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж Оюутолгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Ингэснээр ҮАБЗ-ийн гишүүд Оюутолгойн ногдол ашгийн талаар бүгд өөр өөрийн байр сууриа илэрхийлээд байна. Хамгийн сонирхолтой нь ногдол ашгийг иргэдэд шууд олгох эсэх дээр төрийн гурван өндөрлөг санал зөрж эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Иргэдэд шууд өгөх хэрэгтэй” гэсэн бол Ерөнхий сайд “Ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна” гэсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яг юу гэж хэлснийг хүргэе.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: -Монголын ард түмний баялаг болох Оюутолгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа өөрсдийнхөө дансанд авах санал өгсөн. Иргэдийнхээ энэ саналд хүндэтгэлтэй хандаж анхаарах ёстой.
Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байна. Эрчим хүч, бензин шатахуун үнэд орсон. Би сая Европын холбооны улсуудад төрийн айлчлал хийгээд ирсэн. Европт ч гэсэн байдал маш хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйл ч бас бий. Дайн тулаан, гадаад амаргүй нөхцөл байдлыг амжилттай давахын тулд ард иргэдийнхээ амьдрал ахуйг анхаарах, өрхийн орлогыг хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: -Оюутолгойн хэлэлцээрийг 2009 онд баталсан. Баталсан цагаас л Оюутолгойн гэрээ Монголчуудад ашиггүй болчихлоо, сайжруулах ёстой гэж үе үеийн УИХ-ын гишүүд болон Засгийн газар ярьж хэлж ирсэн. Ингээд 17 жилийн хугацаанд тодорхой үр дүн гаргаж чадаагүй байсан. 2037 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол нааш нь татаж чадсан нь Засгийн газрын хийсэн ажлын сайн үр дүн юм. Мэдээж УИХ-ын гишүүд идэвхтэй оролцсон.
Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тооцсон. Эрчим хүчний дутагдал манай улсад байна. Өвөл халаалттай, тог цахилгаантай байх уу гэдэг маш том тулгамдсан асуудал болж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: -2037 оноос нааш ногдол ашиг байтугай “н” үсэг яригддаггүй байсан. Бид ногдол ашгийг 10 жилээр наашлуулж авахаар тохиролцоонд хүрсэн. Оюутолгойн ТУЗ-ийн даргатай хэлэлцээр хийсэн. Дараа нь Рио Тинто-ийн гүйцэтгэх захирал Монголд ирэхэд хэлэлцээр хийж, миний өрөөнд албан ёсоор мэдээлэл хийсэн. Ингэхдээ Оюутолгойн ногдол ашгийг 2027 оноос өгөхөө дахин баталгаажуулж буйгаа хэлсэн.
Ногдол ашгийн хэдэн төгрөгийг ирэх жил авахаа тохиролцохын тулд ирэх оны төсөв дээр Оюутолгойн ногдол ашгийг тоогоор нь оруулаад батлуулсны дараа манай хуулийг дагах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Нэгэнт ногдол ашиг өгнө гэж тохирсон учраас бид тоогоо УИХ-аар албажуулаад хууль дээр эцэслэн шийдэх байсан. УИХ-д өргөн мэдүүлэхдээ Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хадгална. Хоёр их наяд төгрөгөөр нь эрчим хүч болон боловсролын салбарын төслийг шийдье гэж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ дээр зургаан байнгын хороо хуралдсаны дараа харахад зарчмын зөрүүтэй 235 санал гарсан байна. Нэг ёсондоо хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцоод УИХ-аар албажуулахаар явж байтал гишүүдээс 235 санал гаргасан байгаа нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авсан. Ингэснээр ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн үг биш. Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо бид тоон дээрээ эцэслэж тохиролцоод орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. УИХ-ын гишүүдийн гаргасан саналууд байхгүй болж байна. Одоо ингээд ямар ч зовлонгүй боллоо.







































































