Оюу Толгой ХХК-иас 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дараах мэдэгдлийг гаргасан байна. Ойролцоогоор 18 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ ….. гэсэн байна.
Мөн Рио Тинто компани, Оюу Толгой төслийн талбайд, чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үйл явц болж, үүний улмаас гүний уурхайд чичирхийлэл мэдрэгдсэнийг баталж байна гэжээ.
Rio Tinto confirms that at approximately 18:00 (local time) on 29 October, seismic activity occurred along a rock fault zone at Oyu Tolgoi in Mongolia, resulting in ground vibration in the underground mine.
Үүнээс үүдэн зарим мэргэжилтнүүдийн дунд “Оюу Толгой” компани өөрсдийн уул уурхайн технологийн мэргэжлийн алдаагаа газар хөдлөлт рүү чихэж байна гэсэн ойлголт үүссэн болов уу? фейсбуук болон бусад хэрэгслээр өөрсдийн санал бодлоо илэрхийлж байсан. Та бүхэндээ Оюу Толгой компанийн өгсөн мэдээлэлд үндэслэн энэ талаарх өөрийн санал бодлоо хуваалцья. 30+ жил ажилласан уулын инженерийн хувьд өөрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Энэхүү далд уурхайд чулуулгийн хагарлын бүсийн дагуу үүссэн “газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл” бол миний ойлгосноор mining-induced seismicity буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, байгалийн гаралтай газар хөдлөлтөөс тусдаа уул уурхайн үйл ажиллагаа чулуулгийн массын стресс, газрын гүн дэх чулуулгийн даралтын тэнцвэрийг өөрчилсний улмаас үүссэн газар хөдлөлтийн чичирхийлэл юм. Том хэмжээний чулуулгийн массыг доороос нь нураан авч, хүндийн хүчний үйлчлэлээр өөрөө нурах нөхцөлийг бүрдүүлэх үед газрын гүнд байгаа чулуулгийн анхны хүчдэлийн төлөв байдал огцом өөрчлөгдөж, уурхайн орчимд зохиомол газар хөдлөлт буюу сейсмик чичиргээнүүд үүсдэг. Энэ нь ихэвчлэн жижиг үзэгдлүүдийн (Mw < 0) багц хэлбэрээр илэрдэг ч заримдаа Mw 2–4 хүрч, хүний аюулгүй байдалд заналхийлдэг талаар ном сурах бичигт дурджээ. Блоклон олборлох (block caving) уурхайн олборлолтын явцад үүсдэг хамгийн гол техникийн болон аюулгүй байдлын сорилтуудын нэг нь энэ юм байна.
Оюу Толгой компаниас өгсөн мэдээллээр уг чичиргээ далд уурхайд олборлолтын малталтын гадна талд, хүрээ малталтын дээр хүдэр агуулах малталтын ойролцоо болсон талаар дурджээ. Rio Tinto компанийн мэдэгдлээр, нуралт нь үйлдвэрлэлийн хэсгийн зэрэгцээх хүдэр агуулах бүсэд хязгаарлагдсан, хүдэр нураалтын (cave) бүтэц болон дэд бүтцэд нөлөөгүй гэсэн байна. Миний ойлгосноор компанийн олборлож буй хүдрийн биет нь маш олон тооны хагаралтай, хэрэв хагарлын нэг хэсэг дээр энэхүү хүчний нөлөөллөөр чичирхийлэл үүслээ гэж бодоход долгион эцэс хүртлээ тасралтгүй тархана. Блоклон олборлох (block caving) уурхайд нурж буй хэсгийн хажуу, урд талд стресс төвлөрч чулуулагт хуримтлагдана. Энэ энергийн ялгарал (abutment стресс), хүдэр таталтын (draw) жигд бус байдал, том хагарлууд нь mining-induced seismicity буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй чичирхийллийн гол эх үүсвэр болдог байна. Гүний уурхайн чулуулгийн стресс дахин хуваарилагдахад уурхайн өмнө нь хөдөлгөөнгүй байсан хагарал, ан цавын дагуу гулсах (fault-slip) боломжтой.
Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 10 дугаар сарын 30-ний өдөр гаргасан мэдэгдэлд: Оюу Толгойн далд уурхайн ойролцоо байгалийн гаралтай газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээгүй, 2026 оны 10 дугаар сарын 29-ний 17 цаг 00 мин 01.45 секундэд (Улаанбаатарын цагаар) өргөргийн 43.02, уртрагийн 106.92 цэг дээр ML2.0 магнитудтай тэсэлгээ бүртгэгдсэн байна гэжээ. Үүнээс дүгнэж үзэхэд энэхүү тэсэлгээ нь mining-induced seismicity буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газар хөдлөлтийг өдөөж өгсөн байх магадлалтай байна.
Газар дээр нь байгаагүй, очиж ажиллаагүй, уулын ажлын зураг энэ тэрийг нь хараагүй байж янз бүрийн таамаг гаргаж буйд уучлаарай. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэргэжлийн ажлын хэсэг Оюу Толгойн уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоохоор газар дээр нь ажиллаж байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Иймээс мэргэжлийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээе дээ.
Энэхүү далд уурхайн малталтад болсон осол нь дахин олон удаа давтагдах магадлалтай. Одоогийн байдлаар гүний уурхайд ажил эхлэх хугацааг тооцохдоо чулуулгийн хагарлын бүсийн дагуух чичирхийлэл буюу энергийн шилжилтийн хөдөлгөөнийг хянаж, харгалзах хэрэгтэй.
Далд уурхайн малталтад mining-induced seismicity буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газар хөдлөлтийн сейсмик идэвхжил болох ил шинж тэмдэг:
Уурхайн малталтад сейсмик долгион буюу чичирхийллийн улмаас уурхайн малталтын хана, таазны чулуулаг маш өндөр хурдтайгаар шидэгдэж, нурах (Rockburst) үзэгдэл болдог байна.
Малталт эвдрэх: зам тээвэр, агааржуулалт болон хүдэр буулгуурын хонгилууд нурж, бэхэлгээний систем (зангуу, тор, шүршдэг бетон) эвдрэх.
Блоклон нураалтын уурхайнууд mining-induced seismicity буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газар хөдлөлтийн сейсмик идэвхжлийг бүрмөсөн зогсоох боломжгүй ч дараах аргуудаар эрсдэлийг удирддаг байна:
• Микросейсмик хяналтын систем (Microseismic Monitoring): Уурхайн эргэн тойронд геофон (geophone) болон акселерометрүүдийг байршуулж, чулуулагт үүсэж буй бичил чичиргээнүүдийг 24/7 хугацаанд хянадаг. Энэ нь хүчдэл хаана хуримтлагдаж байгааг болон дараагийн том чичиргээ хаана үүсэж болохыг урьдчилан таамаглахад тусална. • Урьдчилсан сулруулалт (Pre-conditioning): Нуралтыг жигд бөгөөд аюулгүй явуулахын тулд хүдрийн биетийг олборлож эхлэхээс өмнө өрөмдөж өндөр даралттай ус ашиглах (Hydraulic fracturing) эсвэл гүн өрөмдлөгийн тэсэлгээгээр чулуулгийг урьдчилан сулруулдаг. • Олборлолтын хурдыг тохируулах: Хүдэр буулгалтын хурд болон дарааллыг сейсмик идэвхжилийн түвшинтэй уялдуулан зохицуулна. Идэвхжил өндөрссөн бүсээс хүдэр авахыг түр зогсоож, хүчдэлийг сарних хугацаа олгодог. • Уян хатан бэхэлгээ (Dynamic Support): Чичиргээний энергийг өөртөө шингээж, сунах чадвартай динамик зангуу, ган тор болон тусгай бетон бэхэлгээг ашигладаг байна. Илүү юм үглэсэн бол уучлаарай, та бүхэнтэй ахмад инженерүүд хамт байгаа шүү.
Дашрамд дурдахад Шадар сайд Н.Номтойбаяр “Оюутолгойд үүссэн асуудлаар Онцгой байдлаас нэн даруй холбогдсон. Гэтэл Онцгой байдлын Ерөнхий газраас элдэв тусламж шаардлагагүй гэдэг хариуг өгсөн. Энэ хариуг надад хэлсэн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Мэргэжлийн бус удирдлагуудын үгийг би хүлээж авахгүй. Тэр үүднээсээ мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилла. Аливаа байдлаар онцгой байдлаас аврах үйл ажиллагаа явуулах боломжтой юу, сургалт зохион байгуул гэсэн. Энэ үүргийг өгөөд удаагүй байна. Оюутолгойн удирдлагуудын санаа зоволтгүй, ямар ч асуудал байхгүй гэдэг хариугаар бид тайван байж болохгүй. Хүний амь эрсэдвэл яах юм?” гэсэн байна лээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Mining.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өчигдөр гүний уурхайд болсон чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт үүссэн.
Манай багууд шуурхай арга хэмжээ авч, гүнд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн аюулгүй ажиллагааг хангасан. Сорилттой цаг үед Оюу толгойчууд цул болж ажиллалаа. Уурхайн үйл ажиллагааг шат дараатайгаар хянан баталгаажуулж, аюул ослын эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа. Нэгэнд маань хэцүү зүйл тохиолдоход бусад нь хажууд нь байж, чадах зүйлээрээ тусалж, бие биеэ түшдэг. Үүний адилаар холбогдох байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгч байгаад талархаж байна.
Нуралт зурвас талбайд болж, гүний уурхайн бусад хэсэгт нөлөөлөөгүй ч уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй чичирхийллийн эрсдэлд илүү сайн анхаарахыг санууллаа. Хүний амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж үгүй. Бид хүнээ үргэлж нэгдүгээрт тавьж, аюулгүй ажиллагаагаа улам бэхжүүлэх болно” гэсэн байна.
Ил болон далд уурхайд олон улсын жишгийн дагуу мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн аврах баг байх нь илүү үр дүнтэй гэдэгт эргэлзэхгүй байна.
Тусламж дэргэдээ, цаг алдахгүй давуу талтай байдаг. Энэ осол бол Оюутолгойчуудын хувьд эцсийх нь байгаасай, инженерчлэл маш чухал шүү.
Оюутолгойн гүний уурхайн залуусдаа амжилт хүсье.
Монгол улсын Зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Баттогтох







































































