Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Түүнийг үдэж өгөхөөр төв талбайд иргэдийн төлөөлөл болон төрийн байгууллагуудын удирдалага, Монголд суугаа олон улсын элчин сайд нар, зочид төлөөлөгчид, дипломат албаныхан хүрэлцэн иржээ.
Тэрбээр /11.19/ УИХ-ын чуулганы танхимд, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үгэндээ “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувиар дэмжсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.
Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.
Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.
Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн.
Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай.
Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.
Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй.
Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.
Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.
Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна…” гэсэн юм.



































































