Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор \”Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн \”SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан болно.
\”Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм.
Дэд хөтөлбөр нь:
- Хавсралт 1: Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа
- Хавсралт 2: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр
- Хавсралт 3: Хэлэлцүүлгийн саналын багц товъёог
- Хавсралт 4: Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ
- Хавсралт 5: Шалгуур үзүүлэлтийн хүснэгт
- Хавсралт 6: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 225 сургууль, 623 цэцэрлэг, 8 насан туршийн боловсролын төвүүдийг хамран хэрэгжинэ.
\”Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
- Нийслэлийн бүх сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь эрс нэмэгдэнэ. \”Нийслэлийн сургууль”, \”Нийслэлийн цэцэрлэг” жишиг шалгуур үзүүлэлттэй болж сургуульд \”Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт \”Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулагдана.
- Багш, боловсролын ажилтны мэргэжил, ур чадвар, ёс зүйн хандлагыг сайжруулахад дэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 100% мэргэжлийн багшаар хангана. Багшийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргана. Нийслэлийн багшийн эрхэмлэх зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын шилдэг мэргэжилтнийг урих, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.
- Тусгай хэрэгцээт боловсролын төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.
- Мөн ЕБС-ийн байршил, бүтэц хэв шинжийг боловсронгуй болгох замаар сургуулийн хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулна.
- Сургууль цэцэрлэг бүрээр судалгаа гарган, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчтай болгож, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
- Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ. Цэцэрлэгийн хүнсний цахим захиалгын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
- Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоо нэмэгдүүлж, ЕБС-уудад \”Ухаалаг анги” кабинет, лаборатори, робот, тоног төхөөрөмж цахим болон сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
- Боловсролын удирдлага, багш сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хөдөлгөөнт эрүүл амьдралын хандлагыг төлөвшүүлнэ. Монгол ахуй, үндэсний бахархал, эх түүх соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшлийг дэмжсэн нэгдсэн аян өрнүүлнэ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй \”Нийслэлийн боловсрол–2020” хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болж байгаа бөгөөд эн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах болно” хэмээн онцлов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.