Монголын Шүүгчдийн Холбоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэдэг төрийн бус байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас \”Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсныг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Уг төсөлд шүүхийн төсвийг 23.4, шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, \”Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д \”Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг Улсын Их Хуралд тус тус өргөн барьсан байна.
Дээр дурдсан төсөв, хууль тогтоомжийн төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн З дахь хэсгийн \”Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан \”…шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 23.1 дэх хэсэгт \”Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, ажиллаж, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэсэн эрх зүйн хамгаалалт хэрэгжих эрх зүй, эдийн засгийн баталгаа алдагдахаар байна.
Ийнхүү шүүхийн эдийн засгийн баталгааг хөндөж, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулж, шүүхийн төсвийг танахаар төлөвлөж байгаа нь шүүхийн шинэтгэлийн бодлого зогсох, шүүх эрх мэдлийн хөгжил ухрах, шударга ёсны хамгаалалт сулрах ноцтой үр дагаврыг дагуулах төдийгүй Олон Улсын Шүүгчдийн Холбооны Төв зөвлөлийн /2012 оны 11 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Вашингтон хотноо хуралдсан/ тогтоолд харшлахаар байна хэмээн Монголын Шүүгчдийн Холбоо үзэж байна.
Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ.
Хууль тогтоох, төлөөлөгчдийн дээд байгууллага Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэг гол амин сүнс болсон төрийн эрх мэдэл бүрийн бие даасан байдал, түүний хэрэгжилтийн илрэл болсон хяналт, тэнцвэрийн зарчмыг хүндэтгэж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх зарчмыг хадгалан, нэгэнт батлан гаргасан хуулиа хэрэгжүүлж шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байх шийдвэр гаргана хэмээн найдаж байна.
Монголын Шүүгчдийн Холбоо
Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн Хороо