Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган 2015 оны 10 дугаар сарын 23-нд Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэг дор Төрийн ордонд зохион байгуулагдах болсон. Тус чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх талаар Монголын Үндэсний Маркетингийн Холбооны сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэтөгстэй ярилцлаа.
-Чуулганы бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ?
-Монгол Маркетеруудын чуулган манай холбооны үүсгэн байгуулагчид, хамт олны санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус чуулган бол маркетингийн салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ юм. Маркетингийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, маркетингийн менежерүүд, бизнесийн байгууллагын захирал удирдлагууд, төрийн байгууллагын олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, маркетинг, судалгаа, консалтингийн мэргэшсэн агентлагуудын удирдлага гээд олон өнгийн төлөөлөл энэ чуулганд оролцож, салбарынхаа асуудлыг хэлэлцдэг. Энэ жилийн чуулганыг зохион байгуулах 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маш сайн ажиллаж байна. Одоогоор чуулганд оролцох албан ёсны мэдэгдлийг 400 гаруй хүн албан ёсоор өгөөд байна. Чуулган зохион байгуулах санхүүжилт, боловсон хүчний асуудал, хурлын заал, техникийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
-Нийтдээ хэдэн хүн оролцох боломжтой вэ?
-800 маркетер оролцох боломжтой. Зохион байгуулах ажлын хэсгийн ажилтнууд, зарим хүндэт зочид төлөөлөгчид нийлээд 900 орчим хүн чуулганд албан ёсоор оролцох болов уу.
-Өнгөрсөн жилийн маркетеруудын чуулган МУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн хувьд?
-Манай холбооноос зохих журмын дагуу МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргасны дагуу 10 дугаар сарын 15-нд энэ жилийн Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулганыг мөн Ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулах зөвшөөрөл албан ёсоор олгогдсон байгаа.
-Монголын Үндэсний Маркетингийн Холбооны талаар мэдээлэл өгөөч?
-Монголын Үндэсний Маркетингийн Холбоо нь маркетингийн салбарын хөгжлийг бодитойгоор дэмжиж ажиллах, тухайн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын сургалт судалгааг эрчимжүүлэх, салбарынхаа эрдэмтэд, мэргэшсэн зөвлөхүүдийн хүч боломжийг салбартаа илүү үр дүнтэйгээр ашиглах, Монгол улсаас дэлхийд чиглэсэн маркетингийн аливаа санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллах чиглэлээр байгуулагдсан мэргэжлийн байгууллага. Бид анх Монгол Маркетеруудын Холбоо нэртэйгээр 2008 онд үүсэн байгуулагдсан. Өнгөрөгч жил дээр дурьдсан илүү том зорилго, зорилтуудыг дэвшүүлэн тавьснаар үндэсний хэмжээний байгууллага болох ёстой гэсэн нэгдсэн шийдвэрт хүрч нэрээ Монголын Үндэсний Маркетингийн Холбоо болгон шинэчилсэн. Өнөөдөр мөрдөгдөж байгаа манай холбооны дүрмийн дагуу удирдах зөвлөлд 15 хүн, Бодлогын зөвлөлд 10 хүн, Эрдмийн зөвлөлд 10 хүн, Бизнесийн зөвлөлд 25 хүн, Хяналтын зөвлөлд 5 хүн багтан ажиллаж байна.
-Монголын Үндэсний Маркетингийн Холбоо АСЕМ-ын албан ёсны багт орж ажиллах болсон талаар тодруулаач?
-Ази Европ тивийн 50 гаруй улсыг хамран зохион байгуулагддаг АСЕМ-ын дээд түвшний уулзалт ирэх жил манай улсад зохион байгуулагдана. Манай холбооны зүгээс энэхүү уулзалтанд Монгол хүн бүр, Монгол улсын байгууллага бүр сэтгэл зүтгэлээ гаргаж, хамтран оролцох ёстой гэсэн уриалгыг дэмжиж ажиллаж байгаа. Тиймээс манай холбооны удирдах зөвлөлийн төлөөлөл АСЕМ-ын зохион байгуулах хорооны ажлын хэсэгт орж ажиллаж байна. АСЕМ-ын үеэр 1000 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд ирнэ. Тэдгээрийн ажлын уялдаа холбоо, Монгол улсад байрлах өдрүүдийн арын албаны ажил, хүлээн авах бэлтгэл ажил, бүртгэл, хэвлэл мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвлэлийн хурлуудыг шуурхай зохион байгуулах гэх мэтчилэн олон ажлуудыг манай холбоо дааж ажиллах чиглэлээр санал солилцож байна.
-Маркетеруудын чуулганд яаж бүртгүүлэх вэ?
-Монголын Үндэсний Маркетингийн Холбоо гэсэн фэйсбүүк хуудсанд, 88051835 утсаар болон Монгол Маркетеруудын III Чуулган гэсэн фэйс хуудсанд хандан бүртгүүлж болно.
Ярилцсан: Д.Билгүүн
Эх сурвалж: www.TODAY.mn