Улаанбаатар хотод байх нийтийн зориулалттай 3000 орчим орон сууцны барилгын 10 орчим хувь нь засвар
үйлчилгээ тогтмол хийдэггүйгээс нурж унах дөхсөн, газар хөдлөлтийг тооцож бариагүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаад байна. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт 65, Чингэлтэй дүүрэгт 54, Баянзүрх дүүрэгт 25, Баянгол дүүрэгт 29, Хан-Уул дүүрэгт 61, Сонгинохайрхан дүүрэгт 19 буюу 260 барилга байгаа нь тодорхой болжээ.
Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын бат бэхийг сайжруулахаас илүүтэй дээвэр, цахилгаан шат, инженерийн шугам сүлжээг засч гадна өнгийг нь будах төдийхнөөр өнгөрч байгаа нь эрсдэл дагуулсаар байна.
БГД-ийн 1-3 дугаар хороонд байрлах \”Төмөр замын шар\”-ууд гэх барилга, 18 дугаар хороо, хуучнаар \”Од” кинотеатрын урд байх 27 айлын орон сууц, СХД-ийн 19 дүгээр хорооны 48 айлын 1-3 дугаар байр, 6 дугаар хорооны \”Ханын материалын комбинат”-ын 1-6 дугаар байр, БЗД-ийн 6 дугаар хорооны \”Цэрэг”-ийн 44 дүгээр байрыг буулгаж дахин төлөвлөлт хийн үйлчилгээ бүхий орон сууцны барилга барьж байна.
БГД-ийн 20 дугаар хороо /хуучнаар Төв түүхий эдийн баазын ажилчдын/-нд байх орон сууцны 3 барилга, СХД-ийн 20 дугаар хороонд байрлах \”Нефть”-ийн ажилчдын 3 байр, БЗД-ийн 16 дугаар хороонд байх /хуучнаар Сүүний үйлдвэрийн автобаазын ажилчдын/ 16 айлын орон сууцны 2 орцтой, 2 давхар дүнзэн байшин, Сүүний үйлдвэрийн ажилчдын 12 айлын 2 давхар байр, 72 дугаар хотхонд байх Төмөр замын ажилчдын 2 давхар байр, 22 дугаар хороо, \”Улиастай”-д байх офицеруудын 1-4 дүгээр байр, 5 дугаар хороонд байх \”Сансар” хотхоны 4-10 дугаар байр, 11 дүгээр хороо, \”Хонхор” тосгон дахь сургуулийн багш, ажилчдын 18 айлын орон сууцны 3 орцтой 2 давхар барилга, Налайх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5, 26-30 дугаар байрны 2 давхар барилга, ХУД-ийн \”Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын үндсэн хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл гарч улсын байцаагчийн дүгнэлт, акт тавигджээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар ХУД-ийн 3 дугаар хороонд байрлах \”Ажилчин” СӨХ-ны 25, 26 дугаар байр, БЗД-ийн 4 дүгээр хороонд байх \”Американ консул” СӨХ-ны 60, 61 дүгээр байрыг ашиглах боломжгүй нь тогтоогдсон бөгөөд нурах аюултай 48 барилгын ашиглалтыг зогсоохыг оршин суугч, хот, дүүргийн удирдлагад хүргүүлээд байна.
Цаашид 1, 2 дугаар 40 мянгат, 50 мянгат, Их, бага тойруу, 120 мянгат, 5 шар орчмын болон алслагдсан дүүрэгт байх орон сууцны барилгууд ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэх болон газар хөдлөлтөд тэсвэртэй үгүйг нь шалгаж дүгнэлт гаргах юм.