Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц тун удахгүй ашиглалтанд орох нь. Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэсээр байгаагийн нэгэн тод илэрхийлэл нь тун удахгүй ашиглалтанд орох 300 айлын орон сууц юм. Тус барилгын үйл явц 2011 оноос эхэлсэн ч, барилгыг барьж буй компанийн зүгээс хамааралтай хүлээлт үүсгээд байсан юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон барилгы
н явцыг хурдасгах, алба хаагчдыг хүлээлгүй байранд нь оруулахыг үүрэгдсэний дагуу холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна. Барилгын явцтай өчигдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан танилцлаа. Нэгэнт барилгыг барьж гүйцэтгэж буй компанийн хувьд санхүүгийн хүндрэлд орсон гэх нөхцөл байдлын улмаас Зэвсэгт хүчний дөрвөн ангитай хамтран 300 айлын алба хаагчдын орон сууцыг барьж байгаа юм. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан энэ үеэр холбогдох албаныханд бүхий л хүчин чадлаа дайчлан ирэх 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээлгэн өгөхийг үүрэгдсэн. Төвийн дулааны шугамд холбогдоогүй, дэргэдээ уурын зуухаар галлан халаалт дулаанаа шийдвэрлэхээр болсон учраас барилгын уурын зуухны тогоо жилдээ 1200 тн нүүрс түлэх хүчин чадалтай. Иймд нүүрсний нийлүүлэлт, хөрөнгө санхүүгийн асуудлыг ЗХЖШ-ын даргатай зөвшилцөн шийдвэрлэх тухай Б.Батсайхан дарга энэ үеэр илэрхийлж байв. Улс эх орны их бүтээн байгуулалтанд манай үе үеийн барилгачин цэрэг дайчдын оруулсан хөдөлмөр их. Барилгын цэргийн 339, 338, 017 дугаар ангийн байлдагчид тухайн орон нутгийнхаа МСҮТ-д барилгын өргөн мэргэжлээр суралцан олж авсан мэдлэг мэргэжлээ бататган олон арван их бүтээн байгуулалтын ажилд оролцон үүргээ гүйцэтгэж ирсэн. Энэ удаа ч тэд 300 айлын орон сууцны барилгыг ирэх сард оршин суугчдад нь хүлээлгэн өгөхөөр шаргуу хөдөлмөрлөж байна. Үүний дараа Б.Батсайхан тэргүүтэй албаныхан \”Монгол цэргийн музей\”-н үйл ажиллагаатай танилцсан юм.