Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг зэргийг л тогтооход олон арван эрдэмтэд хороогдож, олон зуунууд шаардагдсан. Хэрэв шашныхны итгэдэг ганц үлгэрийн номноосоо илүү гарч харсан бол хүн төрөлхтний хөгжил өдийд өөр түвшинд байх байв. Үнэндээ шинжлэх ухаан сүүлийн 200 жилд тэр дундаа сүүлийн 100 жилд л сүмийнхний хараа хяналтаас ангид хөгжсөн гэхэд болно. Энэ удаа галактикийнхаа тухай хэдэн тоо хэлье.
Нарны аймаг нь Нарны татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гариг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм. Нарыг тойрон гаригууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут их ололт байлаа. Ийм байр сууринаас авч үзвэл эх дэлхий маань энгийн нэг гариг юм. Орчин үеийн одон орон судлал, техникийн дэвшлийн дүнд өнөөдөр бид орчлонт ертөнцийн тогтоцын талаар арвин их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг эх дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг ашиглан өргөн хүрээтэй судалгааг хийж шинэ шинэ мэдээллийг олж авсаар байгаа.
Орчлон ертөнцийн тухай өнөөгийн төсөөлөл асар уудам орон зайг хамарч байна. Нарны аймгийн гаригуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон) мөн 2000 шахам жижиг гаригууд, сүүлт одод нарыг тойрон эргэнэ.
Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж гэж нэрлэдэг. Манай гаригт хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс бол өөрийнх нь цорын ганц дагуул болох сар юм. Сар нь дэлхийг 384000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хурдтай галт тэргээр зогсолтгүй явна гэвэл хагас жил шахам хугацаа шаардагдана. Гэтэл вакуум гэж нэрлэх нэн сийрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж нэг сек гаруйхан хугацаанд туулна. Энэ хурд ойролцоогоор 300000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө л найман минут гаруйхан хугацаанд ирэх нь байна.
Од бол халуун цөмийн урвалын дүнд өөрөөсөө асар их энергийг ялгаруулдаг нартай адилхан эрхэс юм. Харин сүүлт од бол төв одоо тойрон эргэж, түүний татах хүчинд баригдаж байдаг өөрөөсөө гэрэл үл гаргах тэнгэрийн нэгэн эрхэс юм. Иймд сүүлт одыг од(Нар )той адилтган үзэж болохгүй. Манай нар шиг одод өөрийгөө тойрсон гариг, бусад эрхэсүүдтэй байх нь ч бий. Одод бүхэн өөр хоорондоо адил байдаггүй бөгөөд гэрэлтэлт, масс, хөгжил хувьслын үе шат гэх зэрэг олон шинж чанаараараа ялгагддаг. Манай нар аль ч талаараа бусад ододоос үл онцгойрох ердийн л шар нэг од. Иймд бусад ододын аймагт мөн л амьдрал байхыг үгүйсгэхгүй.
Манай нар бүрэлдэхүүнд нь багтдаг хоёр зуун тэрбум шахам ододын аймгийг манай галактик /Галактик-Galaxy гэдэг нь латины \”сүү\” гэсэн үгнээс гаралтай юм/ буюу манай оддын ай гэж нэрлэдэг.
Манай ододын айг бүрдүүлэгч ододын олонх нь нимгэн хоёр тавгийг амсраар нь нийлүүлэн тавьсан мэт хэлбэрийн эзэлхүүнд төвлөрдөг. Хэрвээ манай галактикийг өөрийнх нь гол хавтгайд сүүдэрлэн буулгавал эрчилсэн давхар цагираг маягийн угалзан дүрс бууна. Төв хэсэгтээ бөмбөрцөг хэлбэрийн эзэлхүүнд хэдэн арван тэрбум одод хуралдсан байх ба түүний гадуур зээрэнцэг хэлбэртэйгээр угалзлан бас хэдэн арван тэрбум од тархаж оршдог ажээ. Манай нар галактикийн төвөөс 32600 гэрлийн жил орчим зайд оршдог.
Галактикийн хэмжээ асар их юм. Галактик бүхэлдээ тэнхлэгээ эргэх бөгөөд манай нар 70000 км/ц хурдтайгаар 250 сая жилд галактикийнхаа төвийг нэг бүтэн тойрдог ажээ. Манай нарны насыг таван тэрбум орчим жил гэж үздэг тооцоогоор бол үүссэн цагаасаа хойш галактикийнхаа төвийг хориод удаа л тойрсон залуу од байх нь. Гэхдээ яг нэг тойрог замаар давтан эргэнэ гэж үздэггүй. Галактикийн нэг жил нь дэлхийн 250 сая жилтэй тэнцэнэ. Тэгвэл дэлхий дээр хүн үүсээд 2.5 сая орчим жил болж байгаа буюу галактикийн жилээр долоо хоног ч хүрэхгүй хугацаа өнгөрчээ гэсэн тооцоо гарна.
Галактикийн бөмбөлөг болоод зээрэнцэг аль ч системд одод хэсэг хэсгээр бөөгнөрөн байршсан байдаг онцлогтой. Ийм ододыг бөөн од гэнэ. Нэг бөөн одод нэг ижил гарал үүсэлтэй, бусад ододтой харьцуулахад нэг ерөнхий чиглэлийн хөдөлгөөнтэй байдаг нь байна.
Орчлонгийн уудамд манай галактиктай адил галактикууд олон байдгийг ХХ зуунд л анх тогтоожээ. Хэдийгээр манай галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл 100 мянган гэрлийн жилийн хэмжээтэйт. Оддын хооронд хүрч хүрэлцэхийн аргагүй хол мэт санагдавч энэ бол зүгээр л манай ай сав.
Одоо гадаад галактикуудыг судлан бүгдийг нэгэн жагсаалтанд оруулж байна. Жишээ нь, М31 галактик гэдэг бол Францын одон оронч Ш.Мессьегийн үндэслэсэн жагсаалтад 31 дэх обьект болон бүртгэгдсэн Адаг чуулганы ордны их угалзан галактик юм. Мөн одон оронч И.Дрейерийн зохиосон Шинэ ерөнхий жагсаал/NGC/ гэж бий. NGC-224 гэдэг бол Адаг чуулганы мананцрын шинэ дугаар юм.
Оптикийн ердийн дуран авайд маш бүдэг од мэт ажиглагдаж байдаг обьектыг хамгийн хүчтэй дуран авайгаар ажиглахад хэдэн зуун тэрбум оддоос тогтсон галактик болох нь мэдэгддэг. Өнөө үед ОХУ-д зургаан метрийн голчтой аварга том дурангаар алсын галактикийг ажиглан судалж байгаа бол АНУ-д 10м-ийн голчтой дуранг бүтээж байна. Алсын галактикийг дэлхий дээрээс оптик дурангаар судлахын зэрэгцээ сансрын хөлөгт байрлуулсан тойрог замын оптик дурангуудыг өргөн ашиглаж байна.
Харьцангуйгаар биднээс тийм ч их хол биш орших галактикуудын нэг нь Адаг чуулганы галактик Энэ галактик дэлхийгээс барагцаалбал 2.3 сая гэрлийн жилийн зайд алслагджээ. Өөр хоохондоо ойр орших галактикууд нэгдэн тэнгэрийн эрхсийн бас нэгэн аймаг болох галактикийн бөөгнөрлийг үүсгэдэг байна. Дээрхи зайгаар гадаад Галактик хоорондын зайг бид ойролцоогоор бодвол хэдэн зуугаас хэдэн мянган галактикаас тогтох энэхүү тэнгэрийн эрхсийн аймаг ямар орон зайг эзэлж байдгийг баримжаалан боддоо. Бидэнд хамгийн ойр орших, бүрэлдэхүүндээ 200 гаруй галактикийг багтаасан ийм нэгэн бөөгнөрөл хүртлэх зай 40 сая гэрлийн жил байхад хамгийн алсын галактикийн бөөгнөрөл биднээс дөрвөн тэрбум гаруй гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Одоогоор хүний ажиглаж чадсан орчлонт ертөнцийн хаяа хязгаар ийнхүү хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд тэлжээ. 20 зууны сүүлийн хагаст техникийн дэвшлийн дүнд одон орон судлал улам хөгжиж радио, рентген, гамма, одон орны ажиглалтаар алс холын объектуудын шинж чанарыг судлан орчлонт ертөнцийн бүтэц, зүй тогтлыг улам бүр танин мэдсээр байна.
4 тэр бум гэрлийн жилийн зай дахь орчлон ертөнцийг харж байгаа хүний оюун ухаан агуу юм. Нэг гэрлийн жил 9,460,730,472,580.8 км бол 4,000,000,000 үржүүлээд боддоо ямар агуу орон зай бэ.
Модун Хүннү