Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх баасан гаригт буюу 7-нд болно. Хоёр намын нэр дэвшигчдийн аль нэг нь заавал 50+1 хувийн санал авч байж дараагийн Ерөнхийлөгч тодрох учиртай гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч байж санал хураалт хүчин төгөлдөр болно. Иймд хоёрдахь шатны саналыг хүчинтэй болгохын тулд иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож дээрх саналыг бүрдүүлэх болохоо ухамсарлах хэрэгтэй.
Гэвч ирц хүрэхгүй бол яах вэ гэсэн асуулт сонгогчдын дунд яригдсаар байна. Сонгуулийн тухай хуулийн 106.1-т \”Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалтад оролцсон хүмүүс дахиж санал өгөхгүй, харин санал өгөөгүй хүмүүсийн дунд дахин санал хураалт явуулна. Ингэж санал хураалтад оролцсон сонгогчдын санал дээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын саналыг нэмж санал хураалтын нэгдсэн дүнг гаргах аж.
Гэвч долоодугаар сарын 7-нд дахин санал хураалтаар ирц хүрэхгүй бол дахин сонгууль болно гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа юм. Энэ ч үүднээс МАХН-ын зүгээс дахин санал хураалтыг хүчингүй болгож цагаан сонгуулийн хувьсгал хийхийг уриалаад буй. Ингэснээр МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших боломж бүрдэх тухай ч яригдаж байна. Тэгвэл ийм боломж бий юу?
Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол Үндсэн хуулийн 31.6-д зааснаар дахин сонгууль явуулна. Ингэхдээ УИХ-д суудал бүхий гурван намууд өөр хүн нэр дэвшүүлнэ. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй гэж Сонгуулийн тухай хуулийн 13.2-т заасан байдаг. Өдгөө цагаан сонгууль явуулахыг уриалаад буй МАХН-ын удирдлагууд дахин сонгууль болбол намын дарга нь нэр дэвших боломж бүрдэж байгаа хэмээн үзэж байгаа юм. СЕХ түүнийг \”Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, \”ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, \”тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүй. Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
Гэвч дахин сонгууль болбол МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй юм. Түүний ялтай хугацаа нь дуусгавар боллоо гэхэд Сонгуулийн тухай хуулийн 139.5-ийн дагуу эх орондоо байнга оршин суугаагүй буюу анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар эх орондоо байгаагүй асуудал нь сөхөгдөх юм.