Засгийн газраас хэрэгжүүлсэн \”Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идэж уусан гэх Л.Гансүхийн ялын тогтоолыг өөрт нь гардуулжээ. Ингэснээр Л.Гансүх Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой болж байгаа юм.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялын тогтоолоо хүлээн авч 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Уг гомдол гаргах хугацаа ирэх мягмар гаригт дуусах аж. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ирэх мягмар гаригаас өмнө Нийслэлийн шүүхэд гомдлоо хүргүүлэхээр болжээ. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн \”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгаж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар буруутган 4.5 жилийн хорих ял оноосон юм.
Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байгаа. Нийслэлийн шүүхээс шийдвэр гарсны дараа суллагдах уу, өөр хорих ангид хуваарилагдах уу гэдэг нь тодорхой болно.