БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна.
Паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгдэв.
Эх сурвалж:ГХЯ