Хэдхэн хоногийн өмнө алдарт реппер Тупакийн Мадоннад хандан бичсэн хайр дурлалын захиаг онлайн худалдаагаар оруулахаар төлөвлөж байгаа талаар бид мэдээлсэн. Харин дуучин Мадонна дуудлага худалдааг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан байна. Уг захидалд тэдний хайр сэтгэлийн холбоо хэрхэн төгссөн талаар тайлбарласан гар бичмэл байсан юм. Дуудлага худалдаанд Мадоннагийн бусад эд зүйлс сам, хувцас хэрэглэл, дотуур хувцас, хувийн захидал зэрэг зүйлс багтсан байв. Алдарт дуучны шүүхэд гаргасан өргөдлийн дагуу хэт хувийн нууцад халдсан үйлдэл гэж үзэн дуудлага худалдааг цуцалсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Дуучин Мадонна Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ\”Хэдийгээр би амжилттай карьер хийж, алдартай болсон ч энэ нь миний хувийн нууцад халдаж болно гэсэн үг биш юм. Ялангуяа энэхүү дуудлага худалдаанд миний маш хувийн шинж чанартай эд зүйлс багтсан байгаа. Миний үсний ширхгээс ДНХ молекул гаргаж авах боломжтой. Тиймээс миний ДНХ-г олон нийтийн дуудлага худалдаанд оруулж зарна гэдэг гутамшигтай хэрэг\” гэж шүүхэд мэдүүлжээ.