2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МоАХ-ны дарга Х.Баттулгын улстөрийн баг олон нийтийн анхааралд байна. Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулах, түүнийг төлөөлөн гадна дотны зочин төлөөлөгч, арга хэмжээнд оролцох, шүүх хуулийн засаглалын бодлогод нөлөөлөх удирдлагын багт орох хүмүүсийн нэрс эхнээсээ дуулдав.
1. Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Зам тээврийн сайд асан А.Гансүх нэр дэвших болсонтой холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зөвлөхийн алба ноогдлоо. Тэрээр Шинэчлэлийн засгийн газрыг тэргүүлж байсны хувьд Ерөнхийлөгчид эдийн засгийн бодлого чиглэлд хувь нэмрээ оруулах юм.
2. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
Энэ албан тушаалд одоогийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Гадаад хэргийн дэд сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар нэр дэвшсэн боловч Асашёорюү Д.Дагвадоржийг илүүд үзсэн тухай мэдээлэл ирлээ. Дэлхийд танигдсан Монгол гэдэг нэр хүндээрээ ажлыг хялбархан хийж магадгүй.
3. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
П.Цагаан, Д.Дорлигжав, А.Гансүх, Д.Пүрэвбаатар нарын хэд хэдэн нэрс дуулдсан ч эцсийн мөчид сонгуулиар гарамгай гавъяа байгуулсан БЗД-ийн АН-ын дарга, БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа сонгогдсон мэдээ байна.
4. Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх
Ерөнхийлөгчийн сонгуулиар \”ХАС\”-ын Ч.Ганхуягтай байлдан гавъяа байгуулсан ИЗНН-ын экс гишүүн, хуульч Р.Булгамааг зөвлөхөөр томилохоор шийдвэрлэсэн бололтой. Р.Булгамаагийн хувьд Х.Баттулгын хуулийн асуудлыг хариуцан ажиллаж байсан юм.
5. Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх
УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нэрээ татан яруу найрагч Ц.Хуланд боломж олгожээ. Хүүхэлдэйн театрын захирал энэ хатагтай \”Манжийн дарлалыг ялж болсон юм чинь МАН-ын дарангуйллыг дийлэх болно\” гэдэг аугаа үг, тэмцлээрээ зүй ёсны байр сууриа эзэллээ.
6. Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гэх залуугийн талаар олон мэдээлэл бий. Ил гардаггүй ч Х.Баттулгын бүхий л улстөрийн үйл ажиллагаа, хэвлэлийн компанит ажлыг удирддаг энэ залуу АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүнээр сүүлд сонгогдсон нэгэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар томилогдоно гэж ярьж байсан ч Г.Байгалмаа томилогдох болсон тул зөвлөх болон төрд ирж байна.
Жич: АН болон Ерөнхийлөгчийн тамгын газраас өгч буй мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл аль нэг албыг эргүүлэн авч болзошгүй байна.