Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр \”Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна.
\”Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” нь Монгол Улсын Засаг захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр салбарын яам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг зааглаж тодорхойлсон, төсөв санхүүгийн судалгаа шинжилгээнд суурилсан, харилцан уялдаа бүхий, цогц, оновчтой бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилготой гэж төслийн захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогын бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, чиглэл өгч, хяналт тавьж хамтран ажиллах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд төслийн талаарх танилцуулга хийж, гишүүдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагаа болон бусад зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
Энэ ажлын хэсэг төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжиж салбар хоорондын уялдааг зохицуулах, бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ерөнхий хяналт тавих, холбогдох хууль, эрх зүйн хүрээнд хийж байгаа өөрчлөлт, шинэчлэл, бодит нөхцөл байдал нь олон улсын туршлага болон төвлөрлийг сааруулах стратегид нийцэж байгаа эсэхийг анхаарч, холбогдох санал дүгнэлт өгч мэдээлэл солилцох, төслийн төлөвлөгөө, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.