БНСУ-д хуурамч зуун настын бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарчээ. Тодруулбал Ким Ен Чжин гэх эмэгтэй интернет дэлгүүрээс 92 хувийн найрлагатай зуун настын гель худалдан авч арьсандаа түрхсэний дараа ноцтой харшил үүсэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн зуун настын бүтээгдэхүүнийг бодвол илүү хямд үнэтэй байсан гэж хохирогч хэллээ. Хохирогч эмэгтэй зуун настын гелийг түрхсэний дараа халуу дүүгэж хүчтэй хорсож эхэлсэн байна. Гэвч хэдхэн минутын дараа бүсгүйн нүүр улайж хавдан өвдөлт мэдрэгдэж эхэлжээ. Эмч нарын дүгнэлтээр химийн хортой бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүнд хэлбэрийн харшлын шок үүссэн гэж тайлбарлаж байна. Мөн Малайз, БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хууль бус компаниуд ашиг орлого олохын тулд химийн найрлагатай бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр худалдаалж байгааг охид эмэгтэйчүүдэд сануулж байна.