Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр 96.1 хувийн инерцтэйгээр эхэлж, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Ингээд УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.5 хувь нь татгалзсанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар болсон тул \”Засгийн газрыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Н.Номтойбаяр: АН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэ, АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ерөнхийлөгч болсон Х.Баттулга, түүний тамгын газрын дарга Энхболд, ахлах зөвлөх Н.Алтанхуяг гээд та бүхэнд баяр хүргэхэд холгүй нөхцөл байдал үүсээд байна. Ганц нэг улсуудын эрх мэдлийн төлөөх улс төрийн увайгүй үйлдэл энэ бүгдэд мундаг улс төр хийж байна. Бид ч бас цөөнх байхдаа АН-д хариуцлага тооцож иймэрхүү улс төрийн нүүдэл хийж л байсан. Гол рольд тоглож байсан. Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл бий.
Н.Учрал: Ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил үйлсийг өөрийнхөө эрх ашгийг ардаа тавиад эрэмбэ тогтоох ёстой. 72-р сургуулийн цэцэрлэгийн цогцолбор гээд л явж байсан концсессийг нэг компани бүгдийг нь авчихсан учраас тэр концесс нь явахгүй. Эргээд 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй 28 сургууль гурван ээлжээр хичээллээсрээр л байна. Иргэд сонгогчидтой уулзахаар ичиж байна. Монгол улсын хэмжээнд хоёрхон байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10-р цэцэрлэг 5.3 тэрбум төгрөгийн концессоор баригдах байсан бүтээн байгуулалтаас харамласан мөнгөө 807 тэрбум төгрөгөөр 7 концесс хийгээд явчхаж болохгүй. Багш нар нь ажил хаятлаа бухимдаж байна. Их хурлын гишүүд цалингаасаа татгалзъя л даа.
Н.Амарзаяа: Намынхаа дотоод асуудлыг төрийн асуудал болгож чуулганы танхимд хэлэлцэж байгаад харамсаж байна. Өнгөрсөн хугацаанп засгийн газар сайн ажилласан гэж бодож байна. Бид Засгийн газартаа зорилт, зорилгоо биелүүлэх хугацаа өгөх хэрэгтэй. Огцруулахыг хүлээн зөвшөөрөхгүй.
С.Эрдэнэ: Зарим гишүүд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг сайн ажилласан гэж үзэж байх шиг байна. Эдийн засгийн өсөлтийг 5.3 хувьд хүргэсэн гэж сайшааж байгаа ч юунаас болж өсөх хэрэгтэй гэдгийг бодож үзэх хэрэгтнй. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурч байхад өөсрдийгөө эдийн засгийн сайжруулсан гэж дөвийлгөх хэрэггүй.
Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр бид амаргүй зүйл ярьж байна. Ард түмнийхээ итгэлийг алдсан ултөрч бол улс төрийн тавцангаас зайлдаг. Ард түмнийхээ итгэлтийг алдсан засгийн газар улсын эрх ашгийг хохироодог. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдтэй уулзлаа. Энэ итгэл алга болжээ. Яагаад итгэл алга болов гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Ямар ч тооцоо судалгаагүй эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Засгийн газарт маргааш хэн итгэх юм. Битгий явуургүй улс төр хийгээд бай. Харамсалтай нь энэ засгийн газар хэдэн сайд нарынхаа төлөө зүтгэсэн. Ард түмний төлөө биш.
М.Оюунчимэг: Бүх зүйл нь хасах үзүүлэлтийн эдийн засгийг хүлээж авсан нь үнэн. Гэхдээ явц дундаа эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Тийм учраас би гарын үсэг зурсан.
Ц.Нямдорж: Лүндээжанцан бид хоёр УИХ-д 25 жил болсон. Огцруулах бичигт миний бие сүүлд гарын үсэг зурсан. Энэ УИХ-д миний хамтран зүтгэгчид дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн.
Л.Элдэв-Очир: Би засгийн газрыг огцруулах хамгийн муу хувилбарыг сонгож байна. Дараагийн байгуулагдах засгийн газрыг шахаж шаардаж ажиллана. Ард түмэн хэнд итгэхээ мэдэхээ больсон.
Т.Аюурсайхан: Ерөнхий сайд хууль, тогтоомж ноцтойгоор зөрчсөн. Бүлгийн шийдвэр болон Төсвийн хууль зөрчсөн. Энэ намд элсээд 20 жил болж буй надад Нам бол оюун ухаан нандин чанар гэсэн итгэл үнэмшил бий. Намаа гэсэн сэтгэл Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нараас илүү бий.
С.Жавхлан: Би дараагийн томилгоог маш сайн ажиглана, анхаарна. Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна. Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй. Харин Монголоо биш хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа боловч түмэн олонтойгоо хамт хянана шүү. Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү. 10 хоногийн дотор томилгоогоо хийгээрэй, та нар.